"XX зууны монгол утга соёлын өв” эмхэтгэл
"XX зууны монгол утга соёлын өв” эмхэтгэл

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургуультай хамтран “XX ЗУУНЫ МОНГОЛ УТГА СОЁЛЫН ӨВ” эмхэтгэлийг эрхлэн гаргалаа.
2019 он Монголын уран зохиол, түүний судлалын хувьд олон чухал тэмдэглэлт үйл хэрэг болж өнгөрсөн түүхэн он өнгөрсөн билээ. Нэн түрүүнээ тэмдэглэх явдал нь 2019 онд, Монгол Улсад шинэ цагийн уран зохиолчдын анхны бүлгэм “Уран зохиолчдын бүлгэм”, монголын зохиолчдын байгууллага анх үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиосон билээ. Эл ойд зориулсан “МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРАН ЗОХИОЛ-СОЁЛЫН ШИНЭ ӨВ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын Их Сургууль, МҮЧЗХ-той хамтран зохион байгуулсан. Түүнчлэн ХХ зууны Монголын уран зохиолын хүндэтгэлийн хоймрын эзэд - Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Б.Явуухулан (1929-1982), Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Гайтав (1929-1979), Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнэ (1929-2000), Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Л.Хуушаан (1929-2016), МҮЧЗХ-ны анхны шагналт яруу найрагч Н.Очирбат (1939-1999) үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч зохиолч Б.Жамд (1939- 1970) нарын уран бүтээл судлалд буюу эдгээр зохиолчдын Монголын шинэ уран зохиолд эзлэх байр суурь, Монгол уран зохиол, бичгийн зохиолын хөгжилд оруулсан хувь нэмэр, туурвил зүй, уран сайхан гоо зүйн сэтгэлгээний уламжлал шинэчлэлийн харилцаа холбоо зэргийг нь өнөөгийн нийгэм цаг үеийн үүднээс дахин үнэлэн тодорхойлж, ач холбогдол, нөлөөг нь зөв үнэлэх үүднээс энэхүү ажлыг зохион байгуулсан. Үүний учир нь эдгээр зохиолчдын мэндэлсний 80, 90 жилийн ой 2019 онд тохиосон бөгөөд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс, эрдэм судлалын байгууллага, их дээд сургуулиудтай хамтран, тухай бүр “ХХ зууны дорнын уянгын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн туурвил”, “ХХ зууны монголын улс төр, иргэний яруу найраг ба Ц.Гайтав”, “С.Эрдэнийн урлахуйн ертөнцөөр” “Зохиолчийн уран чадвар”, “Л.Хуушааны уран бүтээл судлал”, “Хөх дэвтэрт яруу найрагчийн урлан”, “Б.Жамд-Залуу насандаа урлан мэтгэсэн бүтээл” зэрэг эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, олон арван илтгэл хэлэлцүүлсэн билээ. Мөн түүнчлэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ИЗОУИС, Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ-тай хамтран Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, их эрдэмтэн Гэлэгжамц дооромбын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг академич Д.Цэрэнсодном тэргүүлэн удирдаж, амжилттай зохион байгуулав. Хурлаар Гэлэгжамц Дооромбын монголын орчин цагийн шинжлэх ухаан, шашин, соёлын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн дүгнэсэн олон илтгэл хэлэлцүүлсэн. Ийм учраас та бүхэнд эдгээр эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцсэн, өгүүллүүдийг өргөн барьж байна.
Тус номыг бүтээхэд тусалсан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургуулийн хамт олон, илтгэгчдэд болон “Жиком” хэвлэлийн газрын хамт олонд гүн талархал илэрхийлье. Номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай.


Бусад мэдээлэл