МОНГОЛ-ОРОС НЭР ТОМЬЁОНЫ ТОЛЬ БИЧГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс санаачлан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон бусад байгууллагын эрдэмтэн судлаач нартай хамтран боловсруулсан "Монгол Орос нэр томьёоны толь бичиг" 4 боть бүтээлийн нээлт өчигдөр Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд болж Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.
Тус үйл ажиллагааны үеэр Алтайн магтаал хайлж, хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга доктор(Sc.D), профессор С.Дулам үг хэллээ. Толь бичгийг Монгол Орос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулжээ.
Энэхүү толь бичгийг Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл эрхлэн, Төрийн шагналт Ц.Шагдарсүрэн зөвлөж, монгол хэлний редактораар доктор Э.Пүрэвжав, Г.Ариун-Онон нар, орос хэлний редактораар С.Эрдэнэмаам, Жамьян Санжанов нар ажиллажээ. Уг толь бичигт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улсын нэр томьёоны комисс хамтран хэвлүүлсэн "Орос монгол нэр томьёоны толь" гурван боть бүтээлийн эхийг цахим сан хөмрөгт оруулж, уг толийн санд тулгуурлан монгол хэлнийхээ үсгийн эрэмбэ дэсээр шинэчлэн толгойлж нийт 120.000 орчим нэр томьёог 4 боть болгон эмхлэн хэвлүүлжээ.
Тус толь бичгийн монгол хэлний редактораар идэвх зүтгэлтэй ажилласан Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Э.Пүрэвжавыг Оросын Холбооны Улсын Элчин сайдын Яамны Жуух бичгээр шагнажээ.
Толь бичгийг бүтээсэн эрдэмтэн судлаачдад баяр хүргэж, эрдэм судлалын өндөр амжилт хүсье.
Бусад мэдээлэл