А.Алимаа, Д.Болормаа, Д.Боролзой, Г.Гэрэлмаа, Ё.Мөнхбат, М.Очирцэнд, Э.Пүрэвжав, Д.Сумьяа, Ж.Ууганбаатар, С.Энхжаргал
“Хэл зохиолын хүрээлэн: 100 жил, 100 үйл явдал, 100 зураг, 100 эрдэмтэн”.
Редактор Э.Пүрэвжав.
Орчин цагийн шинэ шинжлэх ухааны ууган байгууллагын тулганы чулууг 1921 онд Судар бичгийн хүрээлэн тавьсан нь түүхэн чухал үйл явдал. Хэл зохиолын хүрээлэн бол 100 жилийн зузаан түүхтэй ууган хүрээлэн. “Хэл зохиолын хүрээлэн: 100 жил, 100 үйл явдал, 100 зураг, 100 эрдэмтэн” хэмээх судалгааны бүтээл нь 2021 онд зуун жилийн тэгш дүүрэн их ойгоо тэмдэглэх Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн туулсан нэгэн зууны арвин баялаг агаад бахархалтай сайхан түүхийн хамгийн онцлохуйц 100 үйл явдлыг өргөн олонд аль болох хялбаршуулсан байдлаар дөхөмхөн танилцуулж, 400 гаруй гэрэл зургаар утга агуулгыг нь нэмэн дэлгэрүүлж үзүүлсэн болно.
Монгол улсын Ардын засгийн газар 1921 оны XI сарын 9-нд “Номын хүрээлэн” байгуулах шийдвэр гаргаж, улмаар XI сарын 19-нд дүрмийг нь батлахдаа “Судар бичгийн хүрээлэн” болгон өөрчилж нэрлэсний үндсэн нэгж нь монгол үндэсний хэл бичиг, утга зохиол судлах чиг үүрэгтэй “Дуун ухааны тасаг” байсан нь эдүгээгийн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн гол гал голомт болсон юм. Ийнхүү Монгол улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн нь 1921 оны намар Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд Дуун ухааны тасаг нэртэй үүд хаалгаа нээж, гал голомтоо бадраасан түүхтэй. 1930 оноос Монгол улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Хэл бичгийн кабинет, 1957 оноос Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн Хэл бичиг, утга зохиол судлах газар, 1961 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болж өргөжин хөгжсөөр байна. Ингэж “тасаг”-аас кабинет болж, “кабинет”-аас судлах газар болж, “судлах газар”-аас хүрээлэн болжээ. Энэ 2021 онд Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн 100 жилийн түүхэн их ой, Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэнгийн 60 жилийн тэгш дүүрэн ой давхцаж буй учраас манай хүрээлэнгийн 10 ажилтан “ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн: 100 жил, 100 үйл явдал, 100 зураг, 100 эрдэмтэн” хэмээх бүтээлийг бичиж хэвлүүлэв.