ЭХ ХЭЛ БИЧИГ СЭТГҮҮЛ ХЭВЛЭГДЛЭЭ
ЭХ ХЭЛ БИЧИГ СЭТГҮҮЛ ХЭВЛЭГДЛЭЭ

ЭХ ХЭЛ БИЧИГ СЭТГҮҮЛ ХЭВЛЭГДЛЭЭ

✅ Академич Далантайн Цэрэнсодном агсны 2012 онд “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг”-ээсээ санаачлан үүсгэн хэвлүүлж эхэлсэн олон нийтийн эх хэл бичгийн мэдлэгт нэмэр тус болгох зориулалт бүхий 🌀 “Эх хэл бичиг” сэтгүүлийн 41, 42 дахь дугаарыг Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүллээ.
Тэрбээр 2023 оны 12 дугаар сард тус сэтгүүлийн хаалтыг хийж Хүрээлэндээ хүлээлгэн өгсөн бөгөөд молхи бид цаг зуурын өчүүхэн шалтгааны улмаас саатуулж байгаад ийнхүү 2025 оны хоёр дугаарыг зэрэг хэвлүүлэн гаргалаа.
✅ Энэ удаагийн дугаарт бид тус сэтгүүлийг үүсгэн бий хөгжүүлж 40 дугаарыг тасралтгүй хариуцан хэвлүүлсэн академич Д.Цэрэнсодном агсны дурсгалыг хүндэтгэх зорилго тавьж түүний тухай дурсамж, яриа, мэдээ мэдээллд голлон анхаарлаа. Мөн энэ жилийн монгол хэл бичигтэй холбоотой томоохон арга хэмжээнүүд, мэндэлснийх нь тэгш ой тохиож байгаа эрдэмтэн судлаачдаа сурталчлах, урд өмнө гараагүй хүмүүсийг оролцуулах, тэдний ухай бичиж нийтлүүлэх бодлого барьж гадаад дотоодоос материал бүрдүүлэв.
✅ Бид тус сэтгүүлийн зөвлөлийг шинэчлэн бүрдүүлж, хавтасны дизайн болон агуулгад бага боловч өөрчлөлт хийж, Парис хотод төвтэй олон улсын ISSN International Center байгууллагаас сериал дугаар (ISSN 3006-2594) авч, мөн ШУА-ийн Ерөнхийлөгчийн баталсан эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх албан ёсны сэтгүүлүүдийн жагсаалт бүртгүүллээ. Ингэснээр манай эрдэмтэн, судлаачид болон залуучууд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж тооцуулах боломжтой боллоо.
✅ Сэтгүүлийн эрхлэгчээр Ж.Бат-Ирээдүй, хариуцлагатай нарийн бичгийн дарга О.Мөнхнаран, хавтасны дизайнер Ц.Тамир нар ажиллалаа. Сэтгүүлийг Монгол Улсын Соёлын яамны (хуучин нэрээр) санхүүжилтээр хэвлүүлсэн болно.
✅ Сэтгүүлийг цаашид В5 форматаар хавтасны зураг, суурь өнгө хавтасны зургаас хамааран өөрчлөгдөж, 64 хуудастайгаар хагас жил тутамд хэвлэгдэж байхаар бодож төлөвлөж байна. Мөн сэтгүүлийн бодлогод үндсэн агуулгыгн чигийг хэвээр барьж бага зэрэг өөрчлөлт оруулан зарим нэг булангуудыг өнжин, зарим буланг шинээр бий болгож шинэчлэн найруулав. Тухайлбал эрдэм шинжилгээний өгүүллийн булан бий болгож цаашид тодорхой шаардлагын дагуу өгүүлэл авч хэвлэнэ. Мөн сэтгүүлийн тодорхой хэсэг буюу 20%-ийг монгол бичгээр хэвлэж байхаар төлөвлөж байна. Уг сэтгүүлийг цаашид хагас жил тутам хэвлэхээр ажиллаж байгаа тул та бүхнийг ehhelbichig@mas.ac.mn хаягаар материалаа 2026 оны 3 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхийг урьж байна. Эрдэм шинжилгээний өгүүллийн шаардлагыг жич тавина.
📣 Холбоо барих, асууж тодруулах: ehhelbichig@mas.ac.mn
“Эх хэл бичиг” сэтгүүлийн зөвлөл


Бусад мэдээлэл