“Монголын нууц товчоо”-ны бичвэр судлал хэмээх нэг сэдэвт зохиол нь өмнө гарсан
“Монголын нууц товчооны үгийг эшлэн үзүүлсэн толь” (Уб., 2020)-ын үргэлжлэл
буюу толийн судалгааны хэсэг нь болно. Зохиогч уг бүтээлдээ “Монголын нууц
товчоо”-г XIII зууны үеийн монгол хэлний дурсгал болохынх нь хувьд судлан үзэх
зорилго тавьж, үүний тулд бидний үед уламжлан ирсэн хятад галиг үсгийн эхэд
бичвэр судлалын шинжилгээ хийж, уг сэдвийн хүрээнд нягтлан үзэх шаардлагатай
олон асуудалд анхаарлаа хандуулжээ. Уг зорилготойгоо уялдуулан дараах бүтцээр
зохиолоо бичсэн байна. Үүнд:
НЭГДҮГЭЭР
ХЭСЭГ. “Монголын нууц товчоо”-ны
хятад эхийн тухай
1.1. “Монголын
нууц товчоо”-ны уг нэрийн тухай
1.2.
“Монголын нууц товчоо”-ны хятад эхийн тухай
1.3.
“Монголын нууц товчоо”-нд монгол үгийг хятад үсгээр авиачлан тэмдэглэсэн
тогтолцоо
1.4.
“Монголын нууц товчоо” -ны латин галиг
ХОЁРДУГААР ХЭСЭГ. “Монголын нууц
товчоо”-ны монгол эхийн тухай
2.1.
“Монголын нууц товчоо”-ны уг эхийн тухай
2.2. “Монголын нууц товчоо” зохиогдож байх үеийн
нийгэм-түүхийн нөхцөл байдал хийгээд үсэг бичгийн хөгжил
2.3. “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдсэн
түүхэн авиа зүйн үзэгдэл
хийгээд нэг үгийн олон хувилбарт бичлэгийн учир
2.4.
“Монголын нууц товчоо” ба нутгийн аялгууны хэлхээ холбоо
ГУРАВДУГААР
ХЭСЭГ. “Монголын нууц товчоо” ба
бусад сурвалжуудын харьцуулал
3.1.
“Монголын нууц товчоо” ба уйгуржин монгол бичгийн дурсгалууд
3.2. “Монголын нууц товчоо” ба дөрвөлжин бичгийн
монгол дурсгалууд
3.3. “Монголын нууц товчоо” ба Монгол и юй толь
3.4.
“Монгол нууц товчоо” ба Хуа и и юй толь
ДҮГНЭЛТ
НОМ ЗҮЙ
НЭРИЙН ХЭЛХЭЭ
ХАВСРАЛТ Монголын нууц товчооны үгийн жагсаалт болно.
Эдүгээ “Монголын нууц товчоо” судлалаар, түүн
дотор эх бичгийн чиглэлээр чамгүй олон бүтээл гарсан тул зохиогч тэдгээрийг нэгтгэн
дүгнэж, мөн зохиолын дотор гарах монгол үгсэд авиа зүйн судалгаа хийсний дүнд
“Монголын нууц товчоо”-г анх амаар зохиож хожим бичигт тэмдэглэсэн гэж дүгнэсэн
бөгөөд мөн Монгол үндэстэн бүрэлдэн тогтсон нийгэм-түүхийн хамгийн чухал үеийг
тэмдэглэсэн үлдээсэн “аман түүх”-ийн дурсгалт бичиг хэмээн тодорхойлов. Зохиогч
судалгаагаа хийхдээ “Монголын нууц товчоо”-ны нууцыг дотроос нь хайн шинжилж,
улмаар нэг цаг үед хамаарах бусад бичгийн дурсгалуудтай харьцуулан үзсэн тул
нэлээн бодитой бөгөөд сонирхолтой болсон байна.