Тус бүтээл нь 3 бүлэг, 14 хүснэгт, 4 зургаас бүрдэх ба монгол хэлний аялгуунуудыг хам цагийн түвшинд харьцуулан судалж бүрэлдэхүүн тогтолцоо, адил болоод ялгаатай талыг нь тодорхойлжээ. Ингэхдээ эгшиг авиаг бүтцээр нь дан эгшиг, хос эгшиг, байрлалаар нь тэргүүн ба тэргүүн бус үеийн, бүтэх орноор нь хөөмийн, нармайн, тагнайн гэж ангилсан бол гийгүүлэгч авиаг бүтэх орноор нь уруул, түүш, тагнай, төвөнхийн гэх мэтээр ангилсан байна. Мөн эгшиг, гийгүүлэгч авианы хувьслыг ижилших, ондооших, сулрах, нэмэгдэх, тонгорох, сэлгэх гэх мэт нэгэн адилаар ангилжээ. Хэлний айзмын тухай бүлэг нь үе, хэм, аялга гэсэн хэсэгтэй.
Энэхүү номоос төв халх, говийн халх, өвөрхангайн халх, дарьганга, дархад, үзэмчин; өвөр монгол, цахар, авга сөнид, урад, ордос, алшаа эзнээ, баарин, хорчин, жалайд, горлос, харчин түмэд, монголжин; буриад, түнхин, алар, бохан, доод үд, баргужин, эхирит булгад, ашабагад, ага-хорийн буриад, барга, буриадажсан хамниган; халимаг хэл, ойрад аялгуу, дөрвөд, баяд, захчин, торгууд, урианхай, хотон зэрэг монгол хэлний төв монгол, өмнөд монгол, ойрд болон буриад аялгууны авиа зүйн тогтолцоотой танилцах боломжтой.