Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), БНТУлсын ШУА-ийн Хүндэт гишүүн Лувсандоржийн Болд 1971 онд МУИС-ийг төгсөж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлснээс хойш тус хүрээлэндээ тасралтгүй 50 гаруй жил судалгааны ажлаа эрхэлж байна. Ингэхдээ академич Л.Болд монгол хэл шинжлэл, орхон бичгийн дурсгал болон монгол, түрэг хэл, аялгуунуудын харьцуулсан судалгааны хос моринд дөрөөлж, 10 гаруй ганц сэдэвт зохиол, ном бүтээл, толь бичиг гаргасны гадна 200 орчим эрдэм шинжилгээний өгүүллээ гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлжээ.
Тэр бээр 2017 онд “Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал”, “Хэлний засаглалын учир”, “Үсэг бичиг, үг хэллэгийн судалгаа” гэсэн гурван бүтээлээ гаргасан нь монгол хэл судлаачдын талархлыг хүлээж, зарим эрдэмтний зүгээс эдүгээ олдохуйяа бэрх болсон эрдэм шинжилгээний өгүүллүүдээ нэгтгэн гаргаасай гэсэн санал ирж байсан юм.
Тийм ч учраас 1970-аад оноос тасралтгүй хэвлүүлж ирсэн судалгааны олон талт өгүүллүүд хийгээд урьд өмнө нийтлүүлсэн ч эдүгээ цагт ховор болсон бүтээлүүдээ тодорхой сэдвийн хүрээнд эмхэтгэн нэгтгэж, “Монгол хэл судлалын бүтээлүүд”, “Монгол, түрэг хэлний харьцааны асуудалд”, “Орхон бичгийн дурсгал хийгээд түрэг хэл, аялгууны судалгаа” гэсэн энэхүү гурван боть бүтээлийг олны хүртээл болгож байна.
“Монгол хэл судлал” хэмээх эхний ботид “Монгол хэл шинжлэлийн судалгаа” сэдвийн хүрээнд монгол хэлнүүдийн харьцуулсан авиа зүй, орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагавруудыг түүхэн харьцуулсан болон бүтэц хэл шинжлэлийн үүднээс тодруулсан “Орчин цагийн монгол хэлний дагавар” (Уб., 1985) гэдэг бэсрэг бүтээл, нэр үгсийн үг зүйн судалгаа хийгээд үгийн аймгийн тогтолцоонд төлөөний үгийн эзлэх байр, тэмдэг нэрийн ангилал, зэргийн талаарх бүтээлүүдийг, “Монгол хэл шинжлэлийн түүхэн уламжлал, шинэчлэл” гэсэн дараагийн хэсэгт монгол хэл шинжлэлийн түүхийг үечлэх тухай асуудал төдийгүй монгол хэл шинжлэлийн түүхийн ерөнхий төлөв, монголчуудын бичиг үсгийн түүх зэргийг тодруулсан судалгааны бүтээлүүдийг багтаасан болно.
“Монгол, түрэг хэлний харьцуулсан судалгаа” хэмээх хоёрдугаар ботийн “Түрэг, монгол хэлний хэл зүйн харьцааны асуудал” гэсэн эхний хэсэгт монгол хэл аялгуунууд хийгээд түрэг, тэр дундаа Саяаны түрэг хэлнүүдийн хэл зүйн харилцан нөлөөллийн талаар тодруулан судалсан бүтээлүүд хийгээд түрэг, монгол хэлний тооны нэр, тэмдэг нэрийн ай, хамаатуулах айн харьцааны асуудал, тус хэлнүүдийн хэл зүйн харьцааг судлах арга зүй, зарчмын асуудлын тухайд тодорхой санал дэвшүүлсэн өгүүллүүдийг нэгтгэхийг чармайв. Мөн тус ботийн “Монгол хэл судлалын шинэ хандлага” хэмээх хоёрдугаар хэсэгт монгол хэлний зарим асуудлыг тодруулан судлахад алтайн бүлэг хэлний хүрээнд, харьцуулсан хэл шинжлэлийн аргыг хэл шинжлэлийн бусад аргатай зохистойгоор хослуулан хэрэглэхийн учир холбогдлыг тодруулсан болон монгол хэлнүүдийн тийн ялгал хийгээд “Монголын нууц товчоо”-ны зарим үг хэллэгийн утга, гарлын асуудлыг төрөл хэлний баримтад тулгуурлан судалсан бүтээлүүдийг хамруулав.
“Орхон бичгийн дурсгал хийгээд түрэг хэл, аялгууны судалгаа” хэмээх гуравдугаар ботийн “Орхон бичгийн судалгаа” гэсэн эхний хэсэгт монгол нутгаас олдсон орхон бичгийн зарим дурсгалыг дэлгэрэнгүй судалсан бүтээлүүд хийгээд орхон бичгийн онцлог, үсэг зүй хийгээд монгол үндэсний утга зохиолын хэлний асуудлыг тодруулахад орхон бичгийн учир холбогдлын талаарх өгүүллүүдийг багтаасан бол “Түрэг хэл, аялгууны судалгаа” гэсэн хоёр дахь хэсэгт уйгур-урианхай хэлний авиа зүй, хэл зүйн тухай асуудлууд хийгээд саяаны түрэг хэлнүүдэд үзүүлсэн нөлөөний талаарх өгүүллүүд орсон болно.
Эрхэм академич Л.Болд гурван боть номынхоо нээлтийг Хэл зохиолын хүрээлэнгийнхээ эрдмийн хамт олны хүрээнд 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хийж, шавь нар болон хүрээлэнгийн номын санд бүтээлийнхээ дээжийг өргөн барьсан юм.