“АКАДЕМИЧ Б.ШИРЭНДЭВ: ШИНЭЛЭГ СУДАЛГАА” номыг Утга зохиол судлалын салбарын судлаачид эрхлэн гаргав.
Тус бүтээлийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбарын судлаачид эрхлэн гаргав. Редактор доктор (Ph.D), дэд профессор Д.Болормаа, доктор (Ph.D) Б.Мөнхбаяр. Энэ бүтээл нь “Б.Ширэндэвийн яруу найраг” (С.Байгалсайхан, Б.Мөнх-Эрдэнэ), “Б.Ширэндэвийн хүүрнэл зохиол” (Д.Болормаа, Б.Мөнхбаяр), “Б.Ширэндэвийн тайзны урлагийн бүтээл” (Ж.Ууганбаатар, Б.Мөнхбаяр), “Б.Ширэндэвийн утга зохиолын онолын болон судлал шүүмжийн бүтээл” (Б.Баярмаа, Б.Мөнхбаяр) гэсэн үндсэн 4 бүлэг, Удиртгал (Г.Билгүүдэй, Б.Мөнхбаяр), Хавсралт [Б.Ширэндэв:Он цагийн хэлхээс (Б.Баярмаа), Гэрэл зураг, Хүний нэрийн хэлхээ, Ч.Дагвадорж “Хаа хүртэл цуутай хангайн аварга шинэс”, Б.Бааст “Ширэндэв-сэтгүүлч”] хэсгээс бүрдсэн байна. Монгол Улсын ШУА-ийн анхны Ерөнхийлөгч, Академич, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Эрдэмтэн зохиолч Б.Ширэндэвийн амьдрал тэмцэл, хөдөлмөр зүтгэл нь манай эх орны хөгжил дэвшлийн түүхийг тольдон харуулж чадах нэгэн томоохон үзэгдэл мөн.
Тийм ч учраас Б.Ширэндэв нь, өчигдрийг туулж, өнөөдрийг бүтээн, ирээдүйг таних их үйлсийн үндсийг буй болголцож, босголцсон бие хүн байсныхаа хувьд, өөрийн санаа бодол, үзэл баримтлалаа ил, далд янз бүрийн хэлбэрээр уран бүтээлдээ тусгасаар ирсэн байна. Энэ бүтээлд түүнийг зохиолч уран бүтээлч болох талаас нь судлан, үнэлж дүгнэснээрээ онцлог болж байгаа билээ. Б.Ширэндэв ХХ зууны Монголын уран зохиолын онол туурвил зүй судлалаар анх утга зохиолын гараагаа эхэлсэн байдаг ч, түүхч эрдэмтнийхээ үүднээс түүхэн зохиол бүтээх өөрийн гэсэн онцлог бүхий туршлагыг буй болгожээ. Орчин үеийн шинжлэх ухаан, нийгэм соёлын зүтгэлтнийхээ хувьд эх орныхоо сонгодог урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулжээ. Өөрөөр хэлбэл Монгол орны сонгодог урлагийн үндэс суурь хийгээд Монголын уран зохиолын түүхэн зохиолын төрөл зүйлийн хөгжилд Б.Ширэндэвийн уран бүтээл онцгой хувь нэмэр оруулсан гэсэн үг юм. Тиймээс бид, судалгааны энэ бүтээлээ ШУА-ийн анхны Ерөнхийлөгч, Эрдэмтэн зохиолч Б.Ширэндэвийн уран бүтээл судлалаар бэлтгэсэн юм. Энэхүү бүтээлээс зохиолч Б.Ширэндэвийн уран сайхан, туурвил зүйн сэтгэлгээний уламжлал шинэчлэл нь ямар байсныг, түүхч эрдэмтнийхээ үүднээс ХХ зууны Монгол түүхэн зохиолын туурвил зүйн хөгжилд, орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн онолын сэтгэлгээнд ямар хувь нэмэр оруулсныг, орчин үеийн сонгодог урлаг, тайзны уран сайхны бүтээлийн түүхэнд ямар байр суурь эзэлдгийг мэдэж авч болно.
Бусад мэдээлэл