Шинжлэх Ухааны Академийн “Танин мэдэхүйн цуврал”-ын 81 дэх дугаарт доктор (Ph.D) Э.Пүрэвжавын “Монгол мэндчилэх ёсон” танин мэдэхүйн товхимол хэвлэгдлээ. Номд “Ердийн мэндчилгээний үг хэллэг”, “Хүндэтгэлийн мэндчилгээний үг хэллэг”, “Ажил мэргэжлийн мэндчилгээний үг хэллэг”, “Ажил мэргэжлийн ердийн мэндчилгээ”, “Ажил мэргэжлийн ерөөлт мэндчилгээ”, “Баяр ёслолын мэндчилгээний үг хэллэг”, “Улирлын мэндчилгээний үг хэллэг”, “Захидал бичгийн мэндчилгээний үг хэллэг”-үүд багтжээ.
Хэл ярианы соёлын цагаан толгой болсон мэндчилэх ёс, мэндчилгээний үг хэллэг нь хүмүүсийн зөв боловсон, эелдэг харилцааны эхлэл суурийг тавьж өгдөг жамтай.
Хүмүүс цаг үргэлж өөр хоорондоо харилцаж, бие биетэйгээ ажил төрлөө ярилцаж, яриа хөөрөө өрнүүлэхэд тухайн хүн уг асуудалд хэрхэн хандаж байгаа нь юуны өмнө, түүний хэл яриагаар дамжин илэрдэг тул эх хэлнийхээ боловсролыг байнга дээшлүүлж байх нь өнөөгийн соёл, боловсролтой иргэн бүрийн анхаарвал зохих зүйл мөн. Монгол мэндчилгээнд эндэж осолдохын алдал, элдэв хөнөөл, дайн самуун, өвчин тахал, өлсгөлөн зуд, өнчрөл үхэл зэрэг муу үйл арилан тонилж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, сайн үйл хэрэг бүхэн арвижин дэлгэрч, халдах дайсан, сүйтгэх аюулгүй, ханагар тэнэгэр, амар жимэр, аятай тохитой аж төрөхийн утга төгөлдөр сайн ерөөл, сайхан бэлгэ бүрнээ оршдог жам хуультай хэмээн зохиолч эл номыг уншигчдад өргөн барьжээ.
Мэндчилгээний бие биеэ мэдэх байдал, тухайн хүндээ хандах ерөнхий чиг хандлага, мэндчилгээний үг хэллэг, нүүр царайны төрх, дохио зангаа тэргүүтэн нь шийдвэрлэх байр суурийг эзэлнэ. Монгол мэндчилэх болон хүндлэх ёс горимыг хийж гүйцэтгэхэд үг хэллэг, үйл хөдөлгөөн хоёр салшгүй холбоотой. Мэндчилэхийн ёсонд хүндэтгэн мэхийх, найр тавин гар барих, инээмсэглэн толгой дохих, урин золгох, тэнүүн инэмсэглэх гэх мэтийн бэлгэдэл үзүүүлсэн үйл хөдөлгөөн нь нөлөөлөхүйц чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэе.