МОНГОЛ САЦАЛ, МЯЛААЛГЫН ҮГИЙН ДЭЭЖИС
МОНГОЛ САЦАЛ, МЯЛААЛГЫН ҮГИЙН ДЭЭЖИС

(Нэмэн засварласан хоёр дахь хэвлэл)
Дэлгэрэнгүй удиртгал өгүүлэл бичиж, эмхэтгэн
боловсруулж, хэвлэлд бэлдсэн Ч.ЗАЯАСҮРЭН
Редактор: Доктор (Sc.D), профессор С.Хөвсгөл,
Уб.,2021, 316 тал.
“Соёмбо принтинг” ХХК-д хэвлэв.
ISBN 9789919-25-962-4
Доктор (Ph.D) Ч.Заяасүрэн нь 2014 онд “Монгол сацал, мялаалгын үгийн дээжис” эмхэтгэл номыг цөөн хувиар хэвлэн нийтэлж байсан юм. Тэгвэл, энэ удаа тухайн эмхэтгэл номоо нэмэн баяжуулж, ахин хэвлэлтэд бэлтгэхдээ бичгийн дурсгалаар уламжлагдан ирсэн сацал, мялаалгын 8 судрыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлснээ нэмэн оруулжээ. Эдгээрийг хэрхэн хаана хадгалагдаж байгааг өмнөх үгтээ тодорхой бичжээ. Уг ном редакторын үг, өмнөх үг, удиртгал, агуулгаар нь ангилсан үндсэн хэсэг, хавсралт, нэрсийн хэлхээ, ном зүй зэргээс бүрджээ. Үүнд,
Эмхэтгэл номын удиртгал хэсэгт сацал, мялаалгын үгсийн судлагдсан байдлын талаар дэлгэрэнгүй өгүүлэл бичиж, өөрийн цуглуулсан эх хэрэглэгдэхүүнээ агуулгаар нь үндсэн 9 хэсэгт хуваасан байна. Үүнд, Бичгээр уламжлагдаж ирсэн дурсгал, Чингис хааны үйл амьдралд холбогдох сацал, мялаалгын үг гэсэн бол Сацлын үг гэсэн хэсэгт Од эрхэс, орон дэлхий, уул усанд хандсан сацлын үг, Мал амьтанд холбогдох сацлын үг, Аян зам болон ан агнуурт холбогдох сацлын үг гэжээ. Мөн мялаалгын үг хэмээх дараагийн хэсэгтээ: Эд юмстай холбоотой мялаалгын үг, Хүүхэдтэй холбоотой мялаалгын үг, Зэр зэвсэгтэй холбоотой мялаалгын үг, Мал амьтантай холбоотой мялаалгын үг гэжээ. Эдгээр төрөл зүйл тус бүрийн талаар эрдэм шинжилгээний дэлгэрэнгүй өгүүллийг бичсэн нь зан үйлийн чиглэлээрх судалгаанд чухал ач холбогдолтой болжээ. Мөн тухайн өгүүлэл тус бүрийн агуулгад холбогдох зан үйлийн 28 ширхэг гэрэл зургийг оруулж өгсний зэрэгцээ номд сацлын 45, мялаалгын 36, даллагын 4 үгс нийт эх хэрэглэгдэхүүн, монгол бичгээр уламжлагдан ирсэн сацал, мялаалгын 13 дурсгалын эхийг хавсарган оруулжээ.
Энэхүү эмхэтгэл ном судлаач сонирхогчдод сацал, мялаалгын үгст холбогдох эх хэрэглэгдэхүүнийг нэг дороос үзэж харах боломжийг олгож байгаагаараа чухал ач холбогдолтой болжээ. Мөн нөгөөтээгүүр зан үйлийн чиглэлээр судалгаа хийдэг залуу судлаачид болон гадаадын монгол судлаач, их дээд сургуулийн багш, оюутан гээд уг төрлийг сонирхогч хэн бүхэнд зориулагджээ.


Бусад мэдээлэл