О.Адьяа: “Монгол нэр томьёо судлал: уламжлал, шинэчлэл”
О.Адьяа: “Монгол нэр томьёо судлал: уламжлал, шинэчлэл”

Монгол улсад зэрэгцүүлсэн хэл шинжлэл, орос хэл судлал, орчуулгын онол, монгол нэр томьёо судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан цөөн хэдэн эрдэмтний нэг бол хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ойдовын Адьяа юм. Тэр бээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад дөчөөд жил багшилж, ажиллахдаа орос хэлийг монгол хүнд заах арга зүйг боловсруулж, монгол, орос хэлийг олон жил харьцуулан судалж, олон хэлний онол, соёл, хэрэглээний талбар дахь бүтээвэр, үг, өгүүлбэр, нэр томьёо, хэлц, орчуулгын хэл найруулгыг шинжилж олон арван эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвисан билээ.

О.Адьяа “Юм юмны учир начрыг олохыг санаархах нь бага балчир хүүхдийн нийтлэг зан. Сургуульд ороогүй байж. Тав, зургаан настай л байсан болов уу, би. Юмыг хэрхэн оноон нэрлэснийг, тухайлбал, унаж уядаг малаа адуу, ачиж эдлэдгээ тэмээ, саалинд голдуу хэрэглэдэг томыг нь үхэр, багыг нь хонь, ямаа, суудаг сууцаа гэр гэх зэргээр нэрлэдгийн уг учгийг олох гэж толгойгоо хэрэндээ багагүй зовоож билээ. Монгол хүн бүгдээрээ цуглаж байгаад зөвлөлдөн тохирч, ингэж ингэж нэрлэе гэж шийдсэн юм болов уу? Эсвэл хэн нэгэн илүү оюунтай, ахиу ухаантай нь эхлэн тогтоогоод бусад нь түүнийг дагасан юм болов уу? Яагаад өөр нэр өгч болоогүй юм бол? гэх мэт асуултыг өөртөө тавьж хариултыг эс олсон бөгөөд учрыг мэдэх болов уу гэсэн хүнээс асуухад: -Мэдэхгүй. Тэгж л хэлдэг юм гэхээс өөр товтой хариу үл хэлнэ. Энэ бол балчир насны гэнэн атлаа гэгээлэг бодол байжээ”[1] хэмээн хүүхэд ахуй насаа дурссан байдаг. Гэнэн томоогүй насны хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн явсаар тэрхүү гэгээлэг бодол эргэцүүллийг шинжлэх ухааны онол арга зүйгээр тайлж нэр томьёо судлаач нэрт эрдэмтэн болжээ. Монгол хэлний дорнын уламжлалт нэр томьёоны судалгааг өрнийн шинжлэх ухааны арга зүйгээр баяжуулж, 1990-ээд оноос зогсонги байдалд орсон байсан салбарыг сэргээн хөгжүүлж, өмнөх эрдэмтэн мэргэдийн тогтоосон олон нэр томьёог онолын түвшинд судлан шинжилж заримыг засан сайжруулж монгол нэр томьёо судлалд мөрөө үлдээсэн эрдэмтэн болсныг “Монгол нэр томьёо судлал: уламжлал, шинэчлэл” бүтээлээс нь эрхэм уншигч Та бүхэн үзэж мэргэн оюундаа тунгаах буй за.

Эрдэмтэн О.Адьяагийн энэхүү бүтээл үндсэн таван хэсгээс бүрдэнэ. Эхний “Нэр томьёо судлал” хэсэгт 1990-ээд оны эхэн үеэс 2010-аад он хүртэлх нэр томьёо судлалаар дагнан бичсэн өгүүллүүдийг хамруулсан байна.

Хоёр дахь “Хэлний бодлого, хэлний боловсрол” хэсэгт, профессор О.Адьяа ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж “Хэлний бодлого, төлөвлөлт”-ийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийхийн зэрэгцээ шинжлэх ухааныг хөгжүүлэх, нийгэм, хэл соёлын холбоотой албан баримт бичиг боловсруулах олон ажилд хүч хөдөлмөрөө зориулж байх үедээ төрөөс баримтлах хэлний бодлого зохицуулалт, эх хэлний боловсрол, соёлын талаар судалгааны өгүүлэл, илтгэл хэвлүүлж байсныг эмхлэн оруулжээ.

Гурав дахь “Толь бичиг, орчуулга судлал” хэсэгт 2011-2017 оны хооронд  манай эрдэмтэн мэргэд, ОХУ-ын ШУА-ийн монголч эрдэмтэдтэй хамтран зохиосон “Большой академический русско-монгольский словарь” (Орос-монгол дэлгэрэнгүй их толь) дөрвөн боть толь бичгийг зохиох үндэслэл, толийн толгой үг, тэдгээрийн өгүүллийг бүрдүүлэх арга зүйг орос болон монгол хэлээр бичиж боть бүрийн өмнө хэвлэснийг дараа үеийн эрдэмтэд, толь бичиг зохиогчдод туршлага болгох үүднээс орууллаа. Хоёр орны мэдлэг оюуны хамтын ажиллагааны үр дүн болсон уг толь бичгийг зохиох үндэслэл, шинжлэх ухааны зарчмыг профессор О.Адьяагийн ерөнхий удирдлагаар боловсруулан гүйцэтгэсэн билээ. Мөн энэ хэсэгт, “их дуун хөрвүүлэгч, орчуулгын онолч Б.Ринчений орчуулгаар монголын уншигч түмэнд аль хэдийн хүрсэн: М.Горькийн «Салхич шувууны дуун», Н.В.Гоголийн «Тарас Бульба», Н.В.Гоголийн «Вий» (Шулам), М.Шолоховын «Хүний хувь заяа», А.К.Толстойн «Мөнгөн ноён», Н.С.Лесковын «Зовлонгийн далай», «Тэнгэрийн бошигт цаг», Галидасын «Үүлэн зардас», К.Маркс, Ф.Энгельс нарын «Эв хамтын намын тунхаг» зэрэг цаг хугацааны саалтыг даван гарч чадсан дорвитой хэдэн сайн зохиолын чансаатай сайхан орчуулгуудад задаргаа хийж, нэрт дуун хөрвүүлэгч, академич Б.Ринчений орчуулах эрдэм, их туршлага, өвөрмөц арга барил, үлдээсэн үнэт өвийг үгийн утгач, хэл шинжээчийн билиг оюунаар харж, баялаг баримт жишээгээр баталж, өдий төдий өвөрмөц ба хэвшмэл хэллэг, үндэсний онцлогтой үг, өгүүлбэрийг тайлж, сонирхолтой гаргалга, тольчилсон тайлбар, орчуулгын онол-арга зүйн шинжтэй зөвлөмжүүдийг гаргасан”[2] судалгааг нь багтаажээ.

Дөрөв дэх “Нэр томьёо судлаач, эрдэмтэн-багш” хэсэгт профессор О.Адьяагийн  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар бичсэн бусад эрдэмтдийн судалгааны өгүүлэл, ганц сэдэвт бүтээлд өгсөн санал, дүгнэлт, шүүмж зэргийг багтаалаа. Аливаа эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг үнэлж дүгнэх, санал шүүмж бичих нь хувь хүмүүсийн харилцаанаас илүү тухайн шинжлэх ухааны салбарын хөгжил, судалгааны ажлын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй байдгийг харгалзаж үзсэн болно. Хэл шинжлэлийн ухааны доктор(Ph.D), дэд профессор Э.Пүрэвжав “Монгол нэр томьёо судлаач Ойдовын Адьяа”, доктор(Ph.D), дэд профессор О.Шинэбаяр “Хэл шинжлэлийн “шинэ салбар”-ыг хөгжүүлэгч”, доктор(Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа “Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн”, МУБИС-ийн профессор М.Эрдэнэмаам “Эрдэмтэн багш-орчуулгын онолч, профессор О.Адьяа” сэдвээр судалгааны өгүүлэл бичсэн байна. Түүнчлэн профессор О.Адьяа “Орос, монгол нэр томьёоны бүтэц утга зүйн харьцуулсан судалгаа” сэдвээр судалгааны ажил бичиж 2000 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад эрдэм шинжилгээний зөвлөх, академич Л.Болдын уламжилсан санал, профессор Б.Пүрэв-Очир, Ц.Цэдэндамба нарын бичсэн албан ёсны шүүмж, ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, профессор В.И.Рассадины өгсөн үнэлэмж дүгнэлт зэргийг энэ хэсэгт орууллаа. Эрдэм шинжилгээний ажилтан Н.Пүрэвжав уг ганц сэдэвт бүтээлийн тухай эрдэм шинжилгээний санал дүгнэлт бичиж байсныг мөн орууллаа. Энэхүү ганц сэдэвт бүтээл бол хэл шинжлэлийн түүхэнд томоохон ахиц гаргасан бүтээл хэмээн эрдэмтэн судлаачид санал нэгтэй үнэлсэн байдгийг энэ хэсгээс харж болно.

Тав дахь “Хэлсэн үг, дурсамж, ярилцлага” хэсэгт зохиогчийн хувийн архивд хадгалагдаж байсан шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахдаа хэлсэн үг, өөрийнх нь хувьд хамгийн эрхэм хүндтэй шагнал болох Б.Ринчений нэрэмжит шагнал авахдаа хэлсэн үг болон бага насны тухай дурсамж, мөн энэ удаагийн цувралаар эрхэм мэргэжил нэгт нөхөд, хамтран зүтгэгч нар, дараа үеийн эрдэмтэн судлаачид, номыг үзэгч хэн бүхэнтэй учран золгож уулзан хөөрөлдөж буй агшныг буулгасан ярилцлагыг нь сийрүүлэн оруулсан байна. 



[1] О.Адьяа. Хэл, хэл шинжлэл, орчуулга: сурахуй, сургахуй, судлахуй: УБ., 2005. х.3

[2] Б.Пүрэв-Очир. Орчуулга шинжээчийн онол, хэрэглээний номд өргөсөн үг. //О.Адьяа Орчуулга: онол, туршлага, сургамж. УБ., 2008. х.9


Бусад мэдээлэл