“ЭРДЭМТЭН ЗОХИОЛЧ Э.ОЮУН: БҮТЭЭЛИЙН ЦОМОРЛОГ-I”
.jpg?w=1000)
Эрдэм шинжилгээний
тайлбар үйлдэж, эмхтгэсэн:
Ж.Ууганбаатар
Редактор: Доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан
Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбатханы
Оюун (1917-2001)
шинэ цагийн
Монголын шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиолын хөгжлийн түүхэнд эхэн, дунд
үеийн шилдэг төлөөлөгчийн нэг болохын хувьд тэрээр уран бүтээлийн ажлын 70 гаруй жилийн хугацаанд шинэ цагийн
бичгийн утга зохиол төлөвшихөд үнэт нэмэр
болсон өгүүллэг, тууж, найруулал,
жүжиг, мөн шинжлэх ухааны соён гэгээрүүлэх үйл хэрэгт
оруулсан онолын суурь судалгааны олон бүтээлийг
туурвисан юм.
Монгол үндэстний соёл урлаг, утга зохиолын онол, шүүмж судлал, гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, түүний үнэлэмж, онцлог, хөгжлийг танин мэдэхэд намтар судлал, уран бүтээлийн туурвил зүйн түүхчилсэн судалгаа хийх шаардлага тулгарч байна. Иймийн учир
эл түүвэр зохиолыг эрдэмтэн зохиолч, найруулагч, орчуулагч
Эрдэнэбатханы Оюуны мэндэлсний 100
жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Хэл
зохиолын хүрээлэнгээс зохиолчийн намтар, уран бүтээлийг ботилон
хэвлэж байна.
Уран бүтээлийн болон судалгааны чиглэлийн олон бүтээлээс түүвэрлэн, Шинжлэх ухаан ба утга зохиолын хөгжилд үнэт хувь нэмэр болсон, судлаач шүүмжлэгч нарын үнэлэн дүгнэж хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаас хувь уран бүтээлчийн арга дэг, уламжлал шинэчлэлийн харилцаа холбоо, төрөл зүйлийн баялаг агуулгыг нь илтгэж чадахуйц, мөн эдүгээ олдохуйяа ховордсон бүтээлээс дээжлэн нийтлэхийг зорьсон болно. Үүнд: Оршил, Тэргүүн хэсэгт: Нэг. Намтрын товчоон, Хоёр. Уран
бүтээлийн товчоон, Дэд хэсэгт: Уран бүтээлийн
цоморлог, Хавсралт, Э.Оюуны намтрын он цагийн хэлхээ, Зургийн
цомог гэсэн бүтцийн хүрээнд бичжээ.
ХХ зууны Монголын
соёл урлаг, утга зохиолын хөгжлийн
түүхэнд зохиолч Э.Оюун жүжиг, үргэлжилсэн үгийн
зохиолын төлөөлөгчийн нэг бөгөөд уран сайхны сэтгэлгээний “түүхэн замнал”-ыг
бичилцсэн эрдэмтэн зохиолч, соёл урлаг, төр нийгмийн нэрт
зүтгэлтэн болохыг тодруулан дүгнэжээ.