үгийн учир
үгийн учир


Интерпол-эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын цагдаагийн байгууллагын товчилсон нэр болох International Police гэдгээс гаралтай. Эл байгууллагыг эрүүгийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зорилгоор 1923 онд анх байгуулжээ. Үйл ажиллагаандаа мөрдөх дүрмээ 1956 онд баталсан. Eрөнхий ассамблей, Гүйцэтгэх хороо, Үндэсний төв, Товчоо зэрэг гол байгууллагуудтай. 1976 оны байдлаар Интерполын гишүүнээр дэлхийн 120 гаруй орны цагдаагийн байгууллагууд ажиллаж байжээ. Төв нь Францын нийслэл Парист байдаг. Гишүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж хамтын ажиллагааны цар хүрээ нь мэдэгдэхүйц өргөжиж байгаа. Манай улс 1997 онд “Интерпол”-д гишүүнээр элсэн оржээ.

 

Консерватизм - латин хэлний conservare хуучныг хамгаалан сахих, дундыг барих, нам зөөлөн, болгоомжтой байх гэсэн утгатай үг, францаар дамжин орос хэлнээ орсныг манайх тэр хэвээр авч хэрэглэж байна. Консерватизм гэдэг нь хуучирсан үйл явцыг талархан дэмжиж, нийгмийн амьдралын шинэлэг тал, хөгжил дэвшлийг төдийлөн их таашаадаггүй, ер нь хуучин уламжлалаа эрхэмлэн баримтлах үзэл юм. Консерватизм гэдгээс гаралтай консервативный гэдэг үгийг манайх Консерватив хэмээн хэрэглэж байна. Энэ нь консервативный гэдэг үгийн монголчлогдчихоод  байгаа хэлбэр бөгөөд түүнийг “хуучинсаг үзэл” гэсэн утгаар тайлж байна.

 

 Прагматик – грек хэлний pragma буюу ажил хэрэг, албан хэрэг, үйл явц, нөлөө гэсэн үгнээс үүсжээ. Энэ үг олон утгатай.

1.Ашигтай, үр дүнгээ өгч байгаа тэр зүйл л үнэн болохоос биш, бодит байдалд нийцэж байгаа бүхэн үнэн биш гэж дүгнэдэг үзэл бодол;

2.Түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар; Тэр нь үйл явдлыг гадаад хэлхээ холбоонд нь авч үзэхээс биш түүхэн хөгжлийн бодит хуулийг нээдэггүй ажээ.

3.Зарчмын үзэл бодлоос урган гараагүй хувийн ашиг сонирхлын үүднээс хийж буй үйл ажиллагаа;

4.Дохио тэмдгийн салбар ухаан. Уг ухаан нь дохио тэмдэг болон  түүнийг хэрэглэж буй хүмүүсийн хандлагыг судалдаг ухаан юм.

            Одоо прагматик үзэл бодол гэдгийг аливаа зүйлд хэт нэг талыг баримтлалгүй, амьдралд аль оновчтойг нь олж харах, дэмжих хэмээн ойлгож байгаа билээ. Жишээлбэл, … Манай сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа математикийн чиглэлийн хичээлийг прагматик талаас нь илүү түлхүү судалдаг /“Ө”1998.06.15, №125/ өгүүлбэрийн утга нь “хэрэглээ” гэдэгтэй тохирч байна.  Зарим эрдэмтэн аж хэрэглээ хэмээн нэр оноосон нь ч бий. Тэгэхлээр прагматик үзэл бодол гэдэгт бодит үзэл бодол, хэрэглээний үзэл бодол хэмээн оноож болох юм.

 

Сенсаци –латин хэлний sens нь франц хэлэнд sensatoin буюу сэрэл мэдрэмж гэсэн утгатай үг болон олон хэлэнд тархжээ. Энэ үг доорх  утгыг илэрхийлнэ.

1.    өвдөх,  халах зэрэг мэдрэмж;

2.    амьд махбодын ерөнхий мэдрэмж;

3.    сонирхол татах, сэтгэл хөдөлгөх гэх мэт.

Монгол хэлэнд энэ үгийн гуравдах утгыг хэрэглэж байгаа боловч сонирхол татах, сэтгэл хөдөлгөх нь сэрэхүйд нөлөөлөх үйл явц учир үгийн утга салаалан хөгжсөн байна.

Сенсаци нь улс орон, нийгмийн амьдралын болон нэрд гарсан хувь хүмүүсийн талаарх сонирхол татмаар шинэ мэдээ байж болно.

Манай ард түмэн аливаа зүйлийг сонин болгохдоо “түүний тухай  бөөн шуугиан болж байна” гэж ихэвчлэн ярьцгаадаг. Тэгэхээр сенсаци гэдэг үгийг монголоор шуугиан гэж нэрлэн “сенсаци дэгдээх”, “сенсаци тарих” гэдгийг шуугиан дэгдээх, дуулиан болгох хэмээн оноож болох юм.


Анонс – франц хэлний annonce буюу  урьдчилан зарлах гэсэн үгээс үүсэлтэй байна. Хот тосгодоор хэрэн тэнэж тоглолт хийдэг нүүдлийн театрын тоглолтыг урьдчилан олон түмэнд хүргэх зорилгоор зарлан мэдээлэх үйлдлийг ийнхүү нэрлэдгээс улбаатай ажээ. Үүнээс хойш жүжиг, концертын зарлалыг энэ үгээр хэлэх болсон байна.

“Зууны мэдээ” сонины 2000 оны 12 сарын 4-ны 145-рт “Өвлийн улирал эхэлж урлагийнхны сезон болсон тул Бөхийн өргөөг битүү анонсоор хучиж…” гэх буюу эсвэл “…Бүх төрлийн рекламын самбар, байгууллагын хаяг эмблем, туг дарцаг, шоу, тоглолтын анонс /даавуун дээр/ хэвлэх” /”Өнөөдөр” 2000.10.21/ хэмээн бичсэн байлаа. Монголчууд бид өмнө нь “жүжгийн зарлал”, “киноны зарлал” гэх зэргээр хэлж, бичиж хэвшсэн атал огт мэдэхгүй гадаад үг хэрэглэх нь хэн бүхэнд ойлгомжтой биш юм.

           

Бонус - латин хэлний bonus буюу сайн гэсэн үгээс гаралтай.  Хоёр утгатай байна.

1. Аливаа юмыг хийснийх нь төлөө олгох урамшуулалт шагнал

2. Хэлцэл буюу гэрээний нөхцөлтэй нийцүүлэн худалдагчаас худалдан авагчдад үзүүлж байгаа нэмэгдэл хөнгөлөлтийг хэлнэ. Бонус карт, бонус зарлах гэдгийг монголоор оноохдоо “урамшуулалт карт”, “хөнгөлөлт зарлах” гэх мэтээр оноож болно. Сүүлийн үед телевизээр “Мобиком компани дахин бонус зарлалаа” гэсэн зар сурталчилгааг хөнгөлөлт зарлалаа гэсэн утгаар ойлгож болно.

 

Ваучер- англи хэлний voucher буюу батлах, гэрчлэх, нотлох гэдэг утга бүхий  үгнээс гаралтай. Манайд тодорхой зорилгоор мөнгөний оронд хэрэглэж болдог батламж бичиг бас данс тооцоо үнэн зөвийг, тэрчлэн мөнгөө төлснийг гэрчилдэг санхүүгийн баримтыг ваучер гэж нэрлээд байгаа юм. Жишээ нь: “Ваучераа үзүүлж (авчирч) дараачийн гэрээ байгуулах, шинээр данс нээлгэх нь хэлэлцэгч хоёр талын баримтлах гол зарчим” гэж гэрээнд заажээ.

 

Дистрибьютер – англи хэлний  distribution буюу хуваарилах, боловсруулалт гэсэн утгатай үгээс үүсжээ. Distribution нь зах зээлийн эдийн засагт хэрэглэгддэг нэр томьёо юм. Жишээ нь distribution centre гэж ярьдаг. Энэ нь их хэмжээний эд барааг хүлээн авч улмаар тэдгээрийг янз бүрийн худалдаачдад дамжуулан тараадаг түгээх төв юм. Бас distribution channel гэж байдаг. Энэ нь хуваарилах, борлуулах, худалдах суваг гэсэн утгатай нэр томьёо бөгөөд чухамдаа үйлдвэрлэгчийн эд барааг худалдаачдаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг, борлуулалтын ажлыг зохицуулдаг газрыг ийнхүү нэрлэдэг ажээ. Бөөний болон жижиглэнгийн наймаачид бол энэ канал сувгийг хөдөлгөгч гол хүч нь юм.

Тэгвэл дистрибьютер гэж юу вэ? Энэ нэр томьёо англи хэлэнд  distributor, орос хэлэнд дистрибьютер гэсэн бичлэгээр орсон байна. Эл нэрийг манайх оросоос авч дистрибьютер хэмээн бичиж байна. Дистрибьютер бол чухамдаа эд барааг  түгээдэг агент буюу байгууллага юм. Энэ нэр томьёоны утга агуулгыг Оксфорд бизнес тайлбар толинд эд барааг борлуулах, хүргэх, түгээх бие даасан зуучлагч, мэргэжсэн бие хүн, байгууллага хэмээн тайлбарласан байна. Дээр өгүүлснээс дистрибьютер гэдэг үгийн үндсэн утга агуулга илт харагдаж байна. Нөгөө талаар дистрибьютер хэмээх энэ нэр томьёонд утга яг тохирох түгээгч, хуваарилагч гэх зэрэг хэллэг монгол хэлэнд олон байдаг. Гэтэл энэ нэрийг манай зах зээлийнхэн шууд авч хэрэглэсээр л байна. Жишээ нь: “…фирмийн монгол дахь албан ёсны дистрибьютер” /”ӨС” №13/ гэж бичжээ. Мөн нийслэл хотын гол гудамжуудын нэг болох “Энх тайвны гудамж”-ын баруун үзүүрт байгаа зар сурталчилгааны том самбарт “Дистрибьютер-супер маркет” гэснийг гадаад хэл сайн мэдэх хүн ч ойлгоход бэрх. Eр нь дистрибьютерийг “гэрээт борлуулагч”, “түгээгч” гэхэд болохгүй нь юу байх вэ?


Марафон

Уг нь марафон бол эртний герегийн суурингийн нэр. Эллинчүүд (эртний герегүүд өөрсдийгөө ингэж нэрлэдэг) МЭӨ 490 онд персүүдтэй байлдаж ялалт байгуулаад энэ тухай мэдээг Марафоноос Афин хүртэл гүйж хүргэсэн байна. Хоёр хотын хорондох зай нь 42 км 195 метр байжээ. Үүнээс хойш холын зайн гүйлтийг марафон гүйлт гэж нэрлэсэн бөгөөд цанын марафон гэдэг нь 50 км-ийн зайн уралдаан юм.

Сүүлийн үед энэ үгийн утгыг шилжүүлэн хэрэглэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан намуудын марафон, АН-ын сонгуулийн марафон хөдөө орон нутагт эхэллээ  "Зууны мэдээ". 2017.05,04 №90(5537) гэсэн нь “холын зайны гүйлтийн тухай биш, тухайн зүйлд зориулж урьдаас бодож бэлтгэсэн үйл ажиллагааны тухай өгүүлсэн байна. Мөн улс төрийн марафон гэдгээр түр зуурын биш, урт удаан хугацааны дэс дараатай үйл явцыг нэрлэж буй  хэрэг юм.  Марафон хэмээх энэ үгийг "сонгуулийн сунгаа" хэмээн  оноон хэрэглэх  боломжтой. *

 

Бойкот

Хотын дарга асан Э.Бат-Үүл ярилцлагадаа бойкот хэмээх үгийг Ерөнхийлөгчийн сонгуулийг нийтээрээ бойкотлох хэрэгтэй., Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж бүх нийтийн бойкот хийх хэрэгтэй.   "Зууны мэдээ". 2017.05. 04 №90(5537) гэх зэргээр олонтоо давтжээ.

            Энэ үгийн гарал үндсийг нь харвал, англи хэлнээс boycott гэсэн хэлбэртэй орос хэлээр дамжин монгол хэлэнд нэвтэрсэн үг юм байна.  Энэ үг хэд хэдэн утгатай нэгдүгээрт, улс төр, эдийн засгийн тэмцлийн нэг хэлбэр бөгөөд аль нэг шаардлага тавьж биелүүлэхийг шаардан төр улс, байгууллага, хувь этгээдтэй харилцаагаа таслах; хоёрдугаарт,  ямар нэгэн үйлдлийг эсэргүүцэж хэн нэгэнтэй харилцаагаа таслах гэсэн утгатай юм. Тэгэхээр бид дээрх жишээнд дурдагдсан "бойкот"-ыг  хоёрдугаар утгаар нь хэрэглэсэн байна гэж өгүүлбэрээс нь ойлгоод " эсэргүүцэл"  гэж онооход ташаарах зүйлгүй. *  

Дефолт

Улс орны  эдийн засгийн  чадвар доройтож, өр зээлийн асуудал яригдахад зарим  хэвлэл мэдээллийн хэрэгсэл  Өрийн колоничлолоос гарахын тулд Монгол улс дефольт зарлах хэрэгтэй. Ингэхгүй бол бид хөл дээрээ зогсож чадахгүй. news.mn гэж бичиж байна.

Энэ үгийн гарал нь англи хэлний default  буюу гэрээг үл биелүүлэх, үүргээ үл биелүүлэх гэсэн утгатай агаад эдийн засагт  төлбөрийн чадваргүй болох  гэсэн нэр томьёогоор хэрэглэгдэж байна. Аливаа нэг санхүүгийн харилцагч төлбөрийн хугацаанд өрөө төлж чадахгүйд хүрснийг хэлэх агаад дараах хоёр үндэслэлтэй байдаг байна. Нэгдүгээрт,   төлбөрийн хугацаанд өрөө төлж чадах мөнгөгүй  байх, хоёрдугаарт, өр төлбөр нь өөрийн хөрөнгөнөөс давсан байхыг тус тус хэлдэг байна.

Дефолтоор гол төлөв хувь хүн, компанийн төлбөрийн чадваргүйг илтгэдэг бол дээрх жишээнд улс орны хэмжээнд энэ асуудлыг ярьж буй учир  "дампуурлаа зарлах" гэдэг үгээр илэрхийлж болох юм.  Дэлхийн олон улсын дотор энэ мэтээр дампуурлаа зарласан Грег зэрэг улс орон байдаг аж. *

 

СВОП

            Сонин хэвлэлийн хуудаснаа  АСЕМ-ийн үеэр БНХАУ-аас манай улстай хоёр тэрбум ам.долларын өртөгтэй тэнцэх своп хэлцэл байгуулахаар гэрээ зурсан. Зууны мэдээ. 2017.02.20 №37 (5484)  гэсэн үг цөөнгүй харагдах болсон ч утгыг шууд ойлгоход бэрх байна. Иймээс үгийн гарал, утгыг мөшгөн үзвэл, своп нь англи хэлний swop буюу солилцоо гэсэн үг юм байна. Эдийн засагт  урьдчилан тохирсон дүрмийн дагуу тодорхой хугацаанд төлбөр солилцохоор хийсэн санхүүгийн хэлцэл агаад гол төлөв "ванилла" буюу хүүний солилцоо юм. Үүгээр бол нэг тал нь тогтмол хүүгээ, нөгөө тал нь хувьсах хүүгээ төлөх хэлцэл гэж ойлгож болох нь. Тэгэхээр бид свопыг "хүүгээ төлөх хэлцэл" гэж ойлгож болох юм. * 



* Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭШАА, доктор (Ph.D) Г.Гэрэлмаагийн тайлбарласнаар оруулав.

* Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭШАА, доктор (Ph.D) Г.Гэрэлмаагийн тайлбарласнаар оруулав.

* Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭШАА, доктор (Ph.D) Г.Гэрэлмаагийн тайлбарласнаар оруулав.

* Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭШАА, доктор (Ph.D) Г.Гэрэлмаагийн тайлбарласнаар оруулав.



Бусад мэдээлэл