Интерпренер
Интерпренер

Интерпренер -гэдэг үгийг бизнесийн том тольд: зах зээлд бараа таваар нийлүүлж, ашиг хонжоо олж авахыг эрмэлзэгч бие хүн, үйлдвэр болон үйлдвэр худалдаа, аж ахуйн газарт их хэмжээний хөрөнгө оруулж, түүнтэй холбогдох бүх зардлыг дагнан хариуцдаг гол эзэн гэж тайлбарлаад сүүлийн үеийн дүгнэлтээр худалдаа үйлдвэрийн чухамхүү тийм том эздийн  идэвхи санаачилгаар нийгмийн баялаг бий болж байгаа хэмээн үзэж буй учир төр засгийн зүгээс тэднийг тал бүрээр дэмжиж, янз бүрийн хэлбэрээр урамшуулах талаар их анхаарал тавьдаг болжээ гэж онцлон тэмдэглэсэн байна. Товчхон хэлэхэд, еntrepreneur гэдэг нь үйлдвэр худалдааны эзэн юм. Эл үгийг орос хэлэнд предприниматель, хозяин гэсэн утгаар өргөн хэрэглэдэг байсан бөгөөд манайхан ч орос-монгол болон монгол-орос хэлний толиндоо үйлдвэрийн эзэн, худалдаа үйлдвэрийн эзэн гэдэг нэр оноосон байна. Харин зах зээлийн өнөөгийн шинэ тогтолцоонд эл үгийг дээрх еntrepreneur хэмээх бичлэг дуудлагаар нь яг авч хэрэглэдэг болжээ. Үүний жишээнд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас 1997 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа Entrepreneur гэгч оны шилдэг аж ахуйн нэгж, бизнесменийг шалгаруулдаг уралдааныг нэрлэж болно.

“Өнөөдөр” сонины 2000оны 01 сарын  05-ны өдрийн №3 (856)-д эл үгийг бизнес сэтгэлгээ, овсгоотой хүн гэдэг утгатай үг гэсэн байна.

 Эл үгийн утгыг аль ч толь бичигт байхгүйгээр хүч нэмэгдүүлэн “чимж” тайлбарласан нь Монголын эдийн засгийг авч явж буй бизнесийн хүрээнийхний  ажил үйлсийг ихэд үнэлж, тэдэнд урам хайрлах гэсэн зохиогчийн эрмэлзлэл байсан ч байж болох юм. Ep нь жирийн хар ухаанаар бодсон ч үйлдвэрийн эзэн, тэгэх тусмаа үйлдвэр худалдааны том эзэн хүн жинхэнэ бизнес сэтгэлгээтэй, тун овсгоотой хүн байх ёстой нь мэдээж. Тийм байж л ажил үйлсээ бүтээх бөгөөд тэгэхгүй бол манайхны ярьдгаар “ шатах” болно гэдэг нь ч ойлгомжтой. Иймд эл үгэнд хийсэн дээрхи тайлбарыг утгын хувьд яг оноож өгсөн нэр биш уг үгийн далд санаа гэж үзэж болохоор байна. 


Бусад мэдээлэл