ИХ
ЭРДЭМТЭН ЗАВА ДАМДИН ГАВЖИЙН МЭНДЭЛСНИЙ 150 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ БОЛЛОО.
Монгол улсын Судар
бичгийн хүрээлэнгийн гишүүн Их эрдэмтэн Зава Дамдин гавжийн мэндэлсний 150
жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хүндэтгэлийн хурал боллоо.
Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, нэрт эрдэмтэн Зава Дамдин гавжийн 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хүндэтгэлийн хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи, Соёл урлагийн их сургууль хамтран 6 дугаар сарын 12-ны өдөр СУИС-ийн “Оюутан театр”-т зохион байгууллаа. Хүндэтгэлийн хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл үг хэлэв. Үүний дараа “Их эрдэмтэн Зава Дамдин тэргүүтэй судар бичгийн хүрээлэнгийн гурван ламын бүтээл туурвилын тухай” үндсэн илтгэлийг Монгол улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном хэлэлцүүлэв. Тэрээр илтгэлдээ Өнөөгийн ШУА-ийн тулгуур болсон Судар бичгийн хүрээлэнгийн хөгжил, Монголын шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэсэн Зава Дамдин гавж, Гэлэгжамц дооромбо, Шагж гэвшийн эрдэм шинжилгээний бүтээл туурвил, түүний үнэ цэн, хувь нэмрийг тодруулан өгүүлсэн юм.
Хүндэтгэлийн хуралд Гандантэгчэнлин
хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн
захирал, гавж, доктор Ш.Сонинбаяр, Чингис хааны одонт зохиолч,
Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу
найрагч Г.Мэнд-Ооёо, Зава
ламын хувилгаан
Лувсандаржаа лам,
ОМСХ-ны ерөнхий
нарийн бичгийн дарга, доктор С.Чулуун, Хэл зохиолын хүрээлэнгийн
захирал, доктор, профессор Г.Билгүүдэй нарын
эрхэм зочид хүндэтгэл, талархлын үг хэлэв.
Мөн Монгол судлалын нэрт эрдэмтэн, Монгол улсын төрийн
шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Далантайн Цэрэнсодномын
төрсний 80 насны ойд зориулан, түүний Монгол
хэл бичгийн шинжлэх ухаанд анхан хөл тавьсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл
Монгол судлалын хөгжилд тод томруун хувь нэмрээ оруулсан эрдэм шинжилгээний
өгүүллийн охь дээжийг эмхэтгэн “Бичгийн хүмүүний бийрийн увдис” бүтээлийг Хэл
зохиолын хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Утга зохиолын салбар, шавь нараас
өргөн барилаа.
Эрдэм шинжилгээний
хурал урлагийн тоглолтоор өндөрлөсөн юм. Хүндэтгэлийн тоглолтонд Ардын жүжигчин
А.Долгор, Ардын жүжигчин Ц.Мөнхшүр, Ардын жүжигчин А.Нэргүй, Урлагийн гавьяат
зүтгэлтэн Ц.Чулуунцэцэг, С.Цогтсайхан, С.Ганзориг нар болон СУИС-ийн морин
хуурын чуулга, нийт бүжигчид уран бүтээлч, эрдэмтэн багш нар оролцлоо.