Бонд
Бонд

Бонд-англи хэлний bond-үнэт цаас гэдэг үгээс гаралтай. Монгол хэлэнд энэтхэг-европ овгийн хэлний үг голдуу орос хэлээр дамжин орж ирдэг байсан бол сүүлийн үед шууд орж ирэх нь элбэг болжээ. Ийм үгийн тоонд бонд багтдаг.

Монгол хэлэнд бонд гэдэг үгийг англи хэлнээс авсан байна. Харин орос хэлэнд энэ үг франц хэлнээс оржээ. Бондтой ижил утга бүхий облигация гэдэг үг орос хэлэнд латин хэлнээс ирж, монгол хэлэнд тэр чигээрээ орсон бололтой. Я.Цэвэл гуай “Монгол хэлний товч тайлбар толь”-доо облигаци гэдэг үгийг улсын зээллэгийн тэмдэгт, билет хэмээн тайлбарласан байна. Дээр дурдсанчлан франц хэлнээс орос хэлэнд орсон бонд гэдэг үгийг академич А.Лувсандэндэв “Орос монгол толь”-доо мөнгөн тэмдэгт, цаасан мөнгө гэж тайлсан байдаг. Англи хэлний bond, франц хэлний bond гэдэг үгийн аль аль нь өрийн баталгаа, үнэт цаас гэдэг утга агуулдаг. Одоо монгол хэлэнд бондыг үнэт цаас гэсэн утгаар хэрэглэж байгаа нь зүйтэй. Энэ нь улсын мөнгөн тэмдэгтийг орлож байгаа цаасан мөнгө юм. Бондыг зээлийн тэмдэгт гэж нэрлэсэн ч бас болно. Учир нь бонд нь өөрөө зээл бөгөөд бонд гаргагч нь тодорхой хугацааны дараа авсан зээлийнхээ дүн дээр хүүг нэмж тооцдог. Засгийн газар богино, дунд, урт хугацааны бонд гаргах нь эдийн засагт тодорхой үр өгөөжтэй санхүүжилт мөн. Бондыг АНУ-д Notes, эсвэл bond, ХБНГУ-д bunds, Шведэд stats, Канадад canadas гэх зэргээр нэрлэдэг. Мөн товчилсон нэрээр ч хэрэглэдэг. Жишээ нь Австралид  CGB, Францад OAT, Японд KB, Шинэ Зеландад NSL гэдэг юм байна. / “Өнөөдөр” 1999.10.28 №251/


Бусад мэдээлэл