Академич П.Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болов
Академич П.Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

Академич П.Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд

                     зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

 

           Монгол Улсын төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Пүрэвийн Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “П.Хорлоо 100-XX зууны монгол аман зохиол судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 9-р сарын 15-17-нд Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо боллоо. Хурлыг Боловсрол, Cоёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Шинжлэх Ухааны Академи, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын II дунд сургууль зэрэг байгууллага, академич П.Хорлоогийн үр хүүхдүүд хамтран зохион байгууллаа.

2017 оны 9-р сарын 15-нд “Пума империал” зочид буудлын “Рояал” хурлын танхимд эхэлсэн хурлыг ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор, профессор Г.Билгүүдэй нар нээж үг хэлэв.

Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас илгээсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулав. Мөн хуралд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БНХАУ-ын Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол судлалын сургууль, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын хүрээлэнгээс мэндчилгээ ирүүлсэн юм.

Хуралд шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, С.Дулам, Д.Оюунбадрах, Ч.Дагвадорж, С.Хөвсгөл болон С.Цэцэнмөнх (БНХАУ), Марина Аюушеева (ОХУ), Б.Д.Цыренов (ОХУ) тэргүүтэй дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид оролцож 20 илтгэл хэлэлцүүлэв. Уг илтгэлүүд их эрдэмтэн, академич П.Хорлоогийн амьдрал, уран бүтээл, эрдэм судлалын ажил гээд өргөн хүрээг хамарсан, сонирхолтой илтгэлүүд байв. Тухайлбал, “П.Хорлоогийн амьдрал, уран бүтээлийн тухай” сэдвээр доктор, профессор Д.Оюунбадрах, монгол аман зохиол судлалд оруулсан хувь нэмрийн тухай доктор, профессор Г.Нандинбилиг, доктор Т.Баясгалан, С.Энхжаргал, Ч.Заяасүрэн, монгол хэл, утга зохиолын хөгжил, онолын сэтгэлгээнд гүйцэтгэсэн үүргийн талаар доктор, профессор С.Байгалсайхан, доктор Г.Гэрэлмаа, Д.Цэвээндорж нар илтгэл хэлэлцүүлсэн юм.Түүнчлэн ойн хүрээнд их эрдэмтний зохиол бүтээлийн эмхэтгэл “Монгол аман зохиол судлал-VI” ном, ШУА-ийн “Эрдэм” сонины П.Хорлоогийн 100 жилийн ойд зориулсан дугаар, “Хүрд нэртийн хөрөг” нэртэй баримтат кино зэргийг бүтээснээ олонд сонирхуулахын хамт академич П.Хорлоогийн ном бүтээл болон гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд дэлгэн үзүүлэв.


Их эрдэмтний 100 жилийн ойн арга хэмжээний үргэлжлэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2017 оны 9-р сарын17-нд боллоо. Энэ үеэр академич П.Хорлоогийн нэрэмжит ерөнхий боловсролын II дунд сургуулийн өмнөх хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болж, түүний үр хүүхдүүд, ШУА-ийн ХЗХ-гийн захирал Г.Билгүүдэй, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, сургуулийн захирал Ц.Болдмаа тэргүүтэй зочид оролцов. Ойг угтаж багш, сурагчдын бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн, түүний яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолоор хийсэн жүжигчилсэн тоглолт зэргийг зочид үзэж сонирхов. Мөн Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчид, тус сургуулийн багш сурагчдын хамтарсан хүндэтгэлийн тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм.

Төрийн шагналт зохиолч, академич П.Хорлоогийн төрөлх сургууль Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын дунд сургууль, Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын II дунд сургуулийн номын санг тус тус баяжуулах зорилгоор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олноос ном хандивлах аяныг 2017 оны 8-р сарын 30-наас 2017 оны 9-р сарын 8-ны хооронд зохион байгуулсан бөгөөд энэ аяны хүрээнд цуглуулсан номоо сургуулиудын төлөөлөлд хүлээлгэн өгөв.

“П.Хорлоо 100–ХХ зууны монгол аман зохиол судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээнүүд академич П.Хорлоогийн алдрыг мөнхжүүлэн, түүний XX зууны монгол аман зохиол, уран зохиолын хөгжил, монгол хэл бичгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлсэн, цаашид академич П.Хорлоо судлалыг хөгжүүлэх, олон улсад байр суурийг нь бэхжүүлэхэд анхаарсан юм.

 Г.Батмөнх


Бусад мэдээлэл