Дистрибьютер
Дистрибьютер

Дистрибьютер – англи хэлний  distribution буюу хуваарилах, боловсруулалт гэсэн утгатай үгээс үүсжээ. Distribution нь зах зээлийн эдийн засагт хэрэглэгддэг нэр томьёо юм. Жишээ нь distribution centre гэж ярьдаг. Энэ нь их хэмжээний эд барааг хүлээн авч улмаар тэдгээрийг янз бүрийн худалдаачдад дамжуулан тараадаг түгээх төв юм. Бас distribution channel гэж байдаг. Энэ нь хуваарилах, борлуулах, худалдах суваг гэсэн утгатай нэр томьёо бөгөөд чухамдаа үйлдвэрлэгчийн эд барааг худалдаачдаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг, борлуулалтын ажлыг зохицуулдаг газрыг ийнхүү нэрлэдэг ажээ. Бөөний болон жижиглэнгийн наймаачид бол энэ канал сувгийг хөдөлгөгч гол хүч нь юм.

Тэгвэл дистрибьютер гэж юу вэ? Энэ нэр томьёо англи хэлэнд  distributor, орос хэлэнд дистрибьютер гэсэн бичлэгээр орсон байна. Эл нэрийг манайх оросоос авч дистрибьютер хэмээн бичиж байна. Дистрибьютер бол чухамдаа эд барааг  түгээдэг агент буюу байгууллага юм. Энэ нэр томьёоны утга агуулгыг Оксфорд бизнес тайлбар толинд эд барааг борлуулах, хүргэх, түгээх бие даасан зуучлагч, мэргэжсэн бие хүн, байгууллага хэмээн тайлбарласан байна. Дээр өгүүлснээс дистрибьютер гэдэг үгийн үндсэн утга агуулга илт харагдаж байна. Нөгөө талаар дистрибьютер хэмээх энэ нэр томьёонд утга яг тохирох түгээгч, хуваарилагч гэх зэрэг хэллэг монгол хэлэнд олон байдаг. Гэтэл энэ нэрийг манай зах зээлийнхэн шууд авч хэрэглэсээр л байна. Жишээ нь: “…фирмийн монгол дахь албан ёсны дистрибьютер” /”ӨС” №13/ гэж бичжээ. Мөн нийслэл хотын гол гудамжуудын нэг болох “Энх тайвны гудамж”-ын баруун үзүүрт байгаа зар сурталчилгааны том самбарт “Дистрибьютер-супер маркет” гэснийг гадаад хэл сайн мэдэх хүн ч ойлгоход бэрх. Eр нь дистрибьютерийг “гэрээт борлуулагч”, “түгээгч” гэхэд болохгүй нь юу байх вэ?


Бусад мэдээлэл