Доктор Э.Пүрэвжавын «Монгол хэл бичгийн судлал» цувралын ХХ боть хэвлэгдэн гарлаа
Доктор Э.Пүрэвжавын «Монгол хэл бичгийн судлал» цувралын ХХ боть хэвлэгдэн гарлаа

Доктор Э.Пүрэвжавын «Монгол хэл бичгийн судлал» цувралын ХХ боть хэвлэгдэн гарлаа. Энэ цувралдаа ахмад монгол хэл бичиг судлаач Ч.Бат-Очир (1873-1935), Ц.Баттөмөр (1904-1937), доктор С.Бат-Эрдэнэ (1979-2015) нарын хэл бичиг судлаач хүмүүсийн товч намтар, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтыг оруулжээ. Энэ бүтээлд дурдсан эрдэмтдийн монгол хэл бичгийн судлалд оруулсан хувь нэмрийг бодьтойгоор шинээр нээн гаргаснаараа онцлог болжээ. Тухайлбал, 1920-30-аад онд Ардын Засгийн Газраас хүн амыг богино хугацааны дотор соён гэгээрүүлэх бодлого баримталж, олон нийтэд бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэх хөдөлгөөн эрчимтэй өрнөж чамлахааргүй үр дүнд хүрч байсан билээ. Ялангуяа нам, эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүд, цэргийн албан хаагчид гэх мэт нийгмийн тодорхой бүлгүүдийн дунд хэрэгжүүлж байсан арга хэмжээ бүр ч илүү үр дүнтэй байлаа. Тухайн үеийн батлан хамгаалах алба нь залуусыг цэргийн эрдэмд боловсруулахаас гадна бичиг үсэгт сургаж, цаашдын ажил мэргэжлийн чиг баримжааг олгож байв. Цэргийн албанаас төрөн гарсан олон зуун сэхээтний шилдэг нэгэн төлөөлөгч бол Цэндийн Баттөмөр юм. Тэрээр цэл залуухан насандаа монгол төрийн сайдын албанд хүртэл дэвшин ажиллаж, урлаг соёлын талаар багагүй ажил хийсэн тухай мэр сэр мэдээ байдаг байна. Гэтэл тэрбээр ард олноо бичиг үсэгт сургах, соён гэгээрүүлэх явдалд гойд анхаарч, хэл бичгийн салбарт идэвхийлэн ажиллаж байсныг дурдах хүн бараг үгүй байсан юм. Тус бүтээлд энэ мэтээр дурдсан гурван эрдэмтний хэл бичгийн судлалд оруулсан хувь нэмрийг тодруулан гаргасан байна. 


Бусад мэдээлэл