МОНГОЛ АМАН ЗОХИОЛЫН ТУУРВИЛ ЗҮЙ
МОНГОЛ АМАН ЗОХИОЛЫН ТУУРВИЛ ЗҮЙ

МОНГОЛ АМАН ЗОХИОЛЫН ТУУРВИЛ ЗҮЙ

 

Зохиогч: Б.Катуу, Т.Баясгалан, Ч.Заяасүрэн

Редактор: Р.Чүлтэмсүрэн. Уб., 2017, 246 х.

           “Соёмбо принтинг” ХХК-д хэвлэв.  ISBN:978-99978-52-34-2

 Номын танилцуулга:. Уг номд монгол аман зохиолын 15 төрлийг бүхэлд нь хамруулах  боломжгүй учраас монгол тууль, магтаал, сацал, мялаалгын үг гэсэн шүлэглэсэн хэлбэртэй, яруу найргийн хэлээр илэрхийлсэн зохиолуудыг тус сэдвийн хүрээнд тусгайлан авч үзэхдээ туулийг дүрийн талаас, магтаалыг гарал үүсэл, хөгжил уламжлал, төрөл зүйлийн бүрэлдэхүүн, түүний тусгай онцлог ба дүрслэх арга, шүлэг бүтэх ёсны талаас, сацал, мялаалгын зан үйлийн шүлгийн үгийн сангийн найруулга, найруулгын тэгш хэм, уран дүрслэлийн талаас нь судлан шинжилжээ. Энэ ном гурван бүлэгтэй.

“Монгол туулийн уран сайхны онцлог” хэмээх нэгдүгээр бүлэгт туулийн гол дүр болох баатар эр, зөвлөх дүр болох хатан, сөрөг дүр болох мангас, туслах дүр болох хүүхэд, бүргэд, нохойн дүр болон эдлэл хэрэглэлийн зүйл болох зэр зэвсгийг хэрхэн дүрслэн бүтээсэн уламжлал, арга хэрэглүүр, бодит эх үндсийг судалжээ. Түүнчлэн монгол тууль дахь зан үйлийн элементүүд нь туулийн бүтэц агуулгад хэрхэн тусгалаа олсныг тодруулж үзсэн байна. Онцлон тэмдэглэхэд энэ бүлэгт туулийн дүр бүтээх оцлогийг уран сайхны арга хэрэглүүрийн талаас биш, дүр бүтээх үзэл санаа, түүнийг илэрхийлэх арга хэлбэр, агуулга хэлбэрийн нэгдэл, ихэсгэл, хэтрүүлэл зэрэг урнаар дүрслэх хэрэглүүрийг ямар учраас хэрэглэдэг талаас нь судлан шинжилсэн болно.

“Магтаалын уран сайхны онцлог” хэмээх хоёрдугаар бүлэгт магтаал хэмээх үгийн урлаг нъ  анх хэрхэн үүсч, анхны тэрхүү хэлбэрээс одоогийн бие даасан төрөл зүйл болтлоо хөгжлийн ямар замыг туулж, хэрхэн боловсорч, сэдвийн  талаар хэрхэн баяжиж ирснийг цуваа цагийн хүрээнд  өгүүлээд, эдүтээгийн магтаалуудын дүр бүтээх арга хэлбэрүүд, бүтэц зохиомж, бадаглал зүй, шүлгийн холбоц, хэлний уран яруу хэрэглүүр, найруулгын хэв маяг гэсэн асуудлыг авч үзжээ. Ялангуяа магтаалын туурвил зүйн уламжлал шинэчлэлийн асуудлыг XX зуунаас өмнөх үе, XX зуун гэсэн хоёр цаг үеийн ялгаанд, аман ба бичгийн уран зохиолын хөгжлийн харилцан нөлөөллийн хүрээнд судалжээ. Ингээд XX зуунаас өмнөх үеийн монгол аман уламжлалт магтаал, XX зуунаас хойш үеийн магтаал нь туурвил зүйн  арга уламжлалын талаар эрс ялгаатай  гэдгийг тодруулсан байна.

“Сацал, мялаалгын зан үйлийн шүлгийн уран сайхны онцлог” хэмээх гуравдугаар бүлэгт монгол аман зохиолын бага төрөл зүйлийн нэгэн хэсэг сацал, мялаалгын зан үйлийн шүлэг нь агуулга үзэл санааны хувьд нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, байгаль, ахуй орчныг таван хошуу малтай холбон илэрхийлсэн ахуй соёлын баримт мөн болохыг жишээ баримтаар тодруулжээ. Сацал, мялаалгын зан үйлийн шүлгийн уран сайхны онцлогийг тодруулан судлахдаа үгийн сангийн хэрэглүүрүүдийг хэрхэн ашигласныг хуучин үг, хоршоо, холбоо үг, ойролцоо утгатай үг, эсрэг утгатай үг, гадаад үгийн хүрээнд авч үзэж, тухайн үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогуудтай холбон тайлбарлажээ. Мөн сацал, мялаалгын зан үйлийн шүлэгт хэл найруулгын тэгш хэмийг уран сайхны зорилго чиглэлд хэрхэн захируулсан эсэхийг тодруулжээ. Түүнчлэн уран дүрслэлийн аргуудыг хэрэглэсэн байдлыг нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогтой холбон тайлбарлах гэх зэрэг асуудлыг авч үзсэн явдал нь монгол аман зохиол судлалын туурвил зүйн судалгаанд бага ч гэсэн хувь нэмэр болох юм.

 

Шинэлэг байдал, давуу тал: “Аман болон бичгийн уран зохиолын тусгагдахууны хувьсал ба уран сайхны үнэлэмжийн судалгаа” сэдэвт ажлын хүрээнд бичсэн тус хамтын бүтээл нь аман зохиолын туурвил зүйн сэдвээр манайд гарч буй анхны бүтээл.

Монгол аман зохиолынхоо бичлэгийн уран сайхан, дүр, мотив, өгүүлэмж, дүрслэлийн  онцлог, гоо зүйн асуудлыг авч үзэхдээ тухайн үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогтой холбон тайлбарласнаараа шинэлэг болсон. Мөн “Монгол аман зохиолын туурвилзүй” ном нь аман зохиолын туурвилзүйн чиглэлээр судалгаа хийдэг судлаач, багш бэлтгэж буй их дээд сургуулиудын оюутан залуус, сонирхогчдод чухал гарын авлага болно.

 

Үйлдвэр, үйлчилгээний нэвтрүүлэлт: Өнөө үед аман соёлын бүтээлүүдийг өвлөн уламжлах, шинэчлэн баяжуулах, шинээр зохиоход арга зүйн ач холбогдолоо өгсөн. Түүнчлэн соёлын биет бус өвийг өвлөн тээгчдэд, соёл урлагийн байгууллагын ажилтны үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр үзүүлнэ.


Бусад мэдээлэл