Анонс – франц хэлний annonce буюу урьдчилан зарлах гэсэн үгээс үүсэлтэй байна. Хот тосгодоор хэрэн тэнэж тоглолт хийдэг нүүдлийн театрын тоглолтыг урьдчилан олон түмэнд хүргэх зорилгоор зарлан мэдээлэх үйлдлийг ийнхүү нэрлэдгээс улбаатай ажээ. Үүнээс хойш жүжиг, концертын зарлалыг энэ үгээр хэлэх болсон байна.
“Зууны мэдээ” сонины 2000 оны 12 сарын 4-ны 145-рт “Өвлийн улирал эхэлж урлагийнхны сезон болсон тул Бөхийн өргөөг битүү анонсоор хучиж…” гэх буюу эсвэл “…Бүх төрлийн рекламын самбар, байгууллагын хаяг эмблем, туг дарцаг, шоу, тоглолтын анонс /даавуун дээр/ хэвлэх” /”Өнөөдөр” 2000.10.21/ хэмээн бичсэн байлаа. Монголчууд бид өмнө нь “жүжгийн зарлал”, “киноны зарлал” гэх зэргээр хэлж, бичиж хэвшсэн атал огт мэдэхгүй гадаад үг хэрэглэх нь хэн бүхэнд ойлгомжтой биш юм.