New content
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачлан 2024 оны 11 сарын 29-ний өдөр ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны номын санд "Англи хэлээс орсон үг, оноосон нэрийн бичлэгийг журамлан тогтоох асуудалд" хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг “Англи хэлээс орсон үг, оноосон нэрийн бичлэгийг журамлан тогтоох асуудалд” сэдвийн хүрээнд нийгмийн шаардлага, үндэслэл, олон хувилбартай бичлэгийн асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх, бичлэгийг журамлах тогтолцоотой дүрмийг хэрхэн зохиох талаар; Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭШТА, доктор (Ph.D) Г.Гэрэлмаа "Англи оноосон нэрийг бичлэгийг “Англи оноосон нэрийг галиглаж ирсэн туршлага ба өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд зарим гадаад газар усны нэр, хүний нэрийг монгол хэлэнд хэрхэн галиглаж ирсэн туршлага, хувилбар бичлэг, түүнийг жигдлэх талаар; Хэл шинжлэлийн салбарын ЭШАА, шинжлэх ухааны доктор (Sc.D) Г.Батзаяа “Гадаад үгийн бичлэгийг монгол хэлний авиа зүйн онцлогт тохируулан журамлах нь” сэдвийн хүрээнд Монгол хэлний зөв бичгийн журамласан толь дахь гадаад үгийг зөв бичих дүрэмд тулгуурлан тодорхой үгсийг жишээлэн авч авиа зүйн талаас хэрхэн журамлах талаар тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУТИС, МУИС, МУБИС, Олон улсын Улаанбаатар их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, АШУҮИС болон хөдөө орон нутгийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу англи хэлээс орсон үг, нэр томьёо, оноосон нэрийн түүвэрлэн хөмрөг бүрдүүлэх, хувилбар бичлэгийг журамлах тогтолцоотой дүрэм боловсруулах, толилох ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлэн хийхээр тогтов.