Академич Лувсандоржийн Болд БНТУ-ын Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүний батламжаа гардан авлаа
Академич Лувсандоржийн Болд БНТУ-ын Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүний батламжаа гардан авлаа

БНТУ-ын Шинжлэх Ухааны Академи 2019 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн /Академич/ Л.Болдын Монгол–Түрэг хэлний олон жилийн тууштай судалгааг өндрөөр үнэлж “Хүндэт гишүүн”-ээр сонгосон билээ. Хүндэт гишүүний батламжийг БНТУ-д албан ёсоор гардуулдаг хэдий ч дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас уг арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсон юм. Харин өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешаас хүндэт гишүүний батламжаа гардан авлаа.
Академич Л.Болд элчин сайдтай хийсэн уулзалтын үеэр хоёр орны хэл, соёлын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх талаар нааштай санал олныг дэвшүүллээ. Үүний дараа ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Ж.Бат-Ирээдүй, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр нар хүлээн авч баяр хүргэв.



Академич Л.Болд 1971 онд Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсноос хойш өдийг хүртэл тасралтгүй 50 жил ажиллаж байна.
Тэрээр энэ хугацаанд олон арван бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж судалгаа хийсний дотроос Орхон бичгийн дурсгал (I, II, III, IV, V, VI), БНМАУ-ын нутаг дахь хадны бичиг (1990), Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал (2000), Монгол, Түрэг хэлний тооны нэр (2005), Хэлний засаглалын учир (2017), Үсэг бичиг үг хэллэгийн судалгаа (2017), Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь (2018), Монгол бичгийн хосгүй хоёр дурсгал (2021) зэрэг бүтээлүүдийг дурдаж болно.


    
Танд БНТУ-ын Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүнээр сонгогдсонд хамт олны зүгээс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөе.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө