ХХ зууны манлай уртын дуучин Жигзавын Дорждагвын намтар, уран бүтээлтэй холбогдох ном, судалгааны эх хэрэглэгдэхүүнээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн номын сан болон Дуун ухааны сан хөмрөгийг баяжуулахад зориулан зарим нэгэн судалгааны эх хэрэглэгдхүүнийг судлаач, доктор Ц.Наранчимэг гардуулан өглөө.
Ардын билиг зүйч Ж.Бадраагийн Ж.Дорждагватай хийсэн ярилцлагыг бичиж үлдээсэн хуурцагт ихэнхдээ монголын уртын дууг хэрхэн дуулдаг хэв маяг, ямар дуучид, хэдий үеэс дуулж уламжилсан, дууны утга агуулга, ая дан, шүлгийн тогтолцоо хийгээд дуунд холбогдох сонгодог монгол үг хэллэг зэргийг тодорхой хэлсэн байдаг. Энэ бичлэгийн агуулга нь Монголын уртын дууны үүсэл, хөгжил, түүхэн замнал, ХIX зууны төгсгөл, ХХ зууны эхэн үед монголчуудын уртын дуугаа дуулж байсан Хурх, Биндэр, Баянбараат, Боржигон, Хар дэл, баруун чиглэлийн аялгууны онцлог ялгаа, өнгө аяс, олон хоолойн дуулал, уртын дуу дуулдаг арга барил, техник болон тухайн үед дуулж байсан тодорхой төлөөлөгчдийн талаар бодит баримт юм. Н.Жанцанноров 2005 онд бичлэгийг сийрүүлж, тайлбар гаргалгаа хийж 325 хуудастай “Их дуучны яриа” нэртэй ном болгож, улмаар 2023 онд энэхүү бүтээлийг “Таван нүд” ТББ-ын санаачилгаар Франц улсын INA (Institut national de I’audiovisuel) буюу Дууны үндэсний институт байгууллагад бичлэгийг сэргээлгэн англи хэлний орчуулагч Ганбатын Дэлгэрмаа англи хэлэнд хөрвүүлж, монгол судлаач эрдэмтэн Сүнмин Юн хянан боловсруулалт хийсэн ном, I-V DVD, мөн урлаг судлаач Ж.Энэбишийн Жигзавын Дорждагватай хийсэн ярилцлагын CD бичлэгийг сан хөмрөгт дурсгалаа.
1935 онд “Монгол дуунуудын түүврүүд” номыг Ардын Гэгээрүүлэх Яамнаас эрхлэн зуу шахам богино дууг үг, аялгууны хамтаар тусгай эгшиглээс (нот)-т оруулан хэвлэн нийтэлсэн нь онц чухал өв санг хадгалан хамгаалан үлдэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн байна. Энэхүү номд 98 зүйлийн богино, 5 урт дуунуудыг уламжлан авч ирсэн уужим тэнүүн хөг аялгуу, дууны утга чанар, баялаг уран гоё уянга эгшиг төгөлдөр ба хуучин дуунуудын үгийг өөрчлөх, мартагдахаас болгоомжлон тэр үеийн нэрт дуучид Магсаржав (Хурц)-ын Дугаржав, Балингийн Лувсангомпил, Жигзавын Дорждагва, Ширнэнгийн Аюуш, Дашзэвэгийн Ичинхорлоо, Дашзэвэгийн Ишдулам, Насан-Очирын Наваан-Юндэн, н.Нацаг, Цогийн Дашдулам, Лувсанжамбын Мөрдорж нараар анх үүсгэсэн аялгуугаар дуулуулан Минна Давыдовна Берлин Печникова эгшиглээс (нот)-т тэмдэглэн оруулсан билээ.
1936 онд хэвлэгдсэн “Монголын урт дуунуудын түүвэр” ном нь 41 хуудастай, 19 уртын дууг эгшиглээст буулгасан. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын гэгээрүүлэх яамнаас эрхлэн гаргасан тусгай мэргэжилтнүүдээр хянан боловсруулсан ба Монгол Улсын арван таван жилийн ойн их баярыг тохиолдуулан Үндэсний монгол бичгээр бичигдсэн дууны үг, алдарт гавьяат дуучин Магсар Хурцын Дугаржав, түүний шавь, алдарт гавьяат дуучин Жигзавын Дорждагва нарын дуулснаар Зөвлөлтийн мэргэжилтэн Минна Давыдовна Берлин Печниковагийн удирдлага дор уртын дуунуудыг эгшиглээст (нот) буулган хэвлүүлсэн бүтээлүүдийг мөн гардууллаа. Эдгээр бүтээлүүд нь Монголын гайхамшигтай соёлын биет бус өвийг орчин үеийн соёлд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хадгалан хамгаалах, мартагдсан аялгууг сэргээн дуулах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх өрнүүн их сэтгэлийг хөглөхөд хүргэсэн юм. Эдгээр номуудыг “Удмаа дээдэлье” ТББ-ын санаачилгаар 2021 онд дахин хэвлүүлж хэвлэлтийн эхийг хуучин эхийн бодит байдлаар авч үлдэхийг эрхэм болгожээ. Энэ нь өнөөгийн эрдэмтэн, судлаачид, уртын дуучдын дуулах ур зүйдээ баримтлах арга зүйн чиг баримжаа, уртын дууны багш нарын заах аргын онолын мэдлэг, судлаачдын эрдэм судлалын ажилд баримтлах арга зүйн чиг хандлагад үндэсний өв соёлд суралцах ач холбогдолтой баримтат өв юм.
Ж.Дорждагвын уран бүтээлийг судалж үзэхэд Монголын уртын дууны дархлааг тогтооход хэд хэдэн гол хүчин зүйл нөлөөлж буйг томьёолж гаргасан “Жигзавын Дорждагвын баримтат өвийн шинжилгээ” хэмээх докторын диссертац, Ж.Дорждагва дуучны удам судар, ургийн овгийн талаарх мэдээ баримт цуглуулсан “Гурвансайхан ижий” номыг мөн барив.