ШИЛДЭГ СУДЛААЧААР Н.МӨНХЦЭЦЭГ ШАЛГАРЛАА
ШИЛДЭГ СУДЛААЧААР Н.МӨНХЦЭЦЭГ ШАЛГАРЛАА


Судар бичгийн хүрээлэнгийн 100 жил, Шинжлэх ухааны академи болон Хэл зохиолын хүрээлэнгийн 60 жилийн ойгоор Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг Шинжлэх ухааны академийн шилдэг судлаачаар шалгарлаа. Н.Мөнхцэцэг нь 2008 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарт нэр томьёо, орчуулга судлалын чиглэлээр дагнан ажиллаж байгаа манай шилдэг судлаачдын нэг юм.
Тэрээр 2012 -2013 онд Финляндын Хельсинкийн Их Сургуульд докторантын хөтөлбөр дундын сургалтад хамрагдсан. 2014 онд МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарт “Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 2018 онд Австри улсын Венийн их сургуулийн Орчуулга судлалын төвд докторын дараах судалгааны ажил, мөн хугацаанд Австри улсын ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны цахим төв (ACDH)-д зочин судлаачаар тус тус ажилласан. Тэрээр Олон Улсын Нэр томьёо, орчуулга судлалын TC37 cтандартын ажиглагч гишүүн, Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын Нэр томьёоны стандартчиллын техникийн хорооны гишүүнээр ажилладаг.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ажиллах хугацаандаа ганц сэдэвт бүтээл болон хамтын бүтээл -11, эрхлэн хэвлүүлсэн -2, хянан тохиолдуулсан -8, эрдэм шинжилгээний өгүүлэл- 41 (Үүнээс Scopus, Web of Sciences-д бүртгэлтэй болон олон улсын сэтгүүлд - 9), эшлэлийн тоо –81, эрдэм шинжилгээний илтгэл, лекц - 43 (Үүнээс гадаадын болон олон улсын хуралд - 13), орчуулга –5, эрдэм шинжилгээний төсөл – 9 (Үүнээс гадаадтай хамтарсан 2, удирдаж буй 1), нийгмийн захиалгат ажил –330 (Үүнээс шүүх, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бичигт хэлний шинжээчээр 35 удаа, Стандартчилал хэмжил зүйн газраас ирүүлсэн үг хэллэг, нэр томьёоны тайлбар тольд дүн шинжилгээ 15 удаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас илгээсэн, төрийн ба төрийн бус байгууллага, хувь хүний хүсэлтийн дагуу үгийн тайлбар –250 гэх мэт), удирдсан магистр – 4, хэлний технологи нэвтрүүлэлт – 2 гэх мэт амжилттай байна.
Тэрээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Шилдэг өгүүлэл”-ийн шагналыг 2013, 2017, 2019 онд нийт 3 удаа хүртсэн.
Н.Мөнхцэцэг нь Австри улсад ажиллаж байх хугацаандаа хүрээлэнгээ Олон улсын нэр томьёоны байгууллага INFOTERM-д элсүүлсэн бөгөөд Европын Парламентын дэргэдэх Нэр томьёог зохицуулах алба, Termnet гэх мэт Европын болон олон улсын нэр томьёоны байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, салбарын хамт олны хамт тэдэнтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, саяхан буюу 2021 оны 6 сарын 30-нд нэр томьёоны олон улсын байгууллага Termnet, Eurotermbank-аас санаачлан зохион байгуулсан “Providing and Connecting Terminology Resources Worldwide” онлайн семинарт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулагчаар оролцсон бөгөөд тэрээр “The Present Situation and Future Perspectives on Terminology Work in Mongolia” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.
Мөн Австрийн БШУ-ы олон улсын харилцааны төлөөлөгчийн газраас зарласан “Cooperation Development Research” грантын хүрээнд “Terminology planning strategy and terminology infrastructure for Mongolia to support scientific and educational development and innovation” гэсэн Австрийн Венийн их сургууль, Австрийн ШУА-ийн судлаачидтай хамтарсан төсөл (2020-2023)-ийг санаачлан бүтээж, Монгол талын удирдагчаар ажиллаж байна.
Н.Мөнхцэцэг нь монгол нэр томьёог оновчтой оноон тогтоох онол-арга зүйн асуудлыг боловсронгуй болгох, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эх хэлээ хамгаалах, сурталчлан таниулах, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, олон нийтийн дунд монгол хэлний үнэлэмж хандлагыг сайжруулах талаар зохих хувь нэмэр оруулж буй судлаач юм. Шилдэг судлаач Н.Мөнхцэцэгтээ эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө