“ҮЗЭМЧНИЙ ТҮҮХ, ШАШИН, ХЭЛ, СОЁЛ, БАЙГАЛЬ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ
“ҮЗЭМЧНИЙ ТҮҮХ, ШАШИН, ХЭЛ, СОЁЛ, БАЙГАЛЬ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

            Үзэмчин түмний соёл, урлаг, спортын “Алтан дөрөө-2025” наадмын хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2025 оны 7 сарын 22-ны өдөр “Үзэмчний түүх, шашин, хэл, соёл, байгаль” эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хурлыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Будда Дарма шашин, өв соёл судлалын хүрээлэн, Дорнод аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Үзэмчин өв судлал сан, Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэг, Зүүн үзэмчин хошууны ард нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг дэмжигч байгууллагаар оролцов.

            Үзэмчний түүх, шашин, хэл, соёлын судалгаанд эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, үзэмчин судлалтай холбоотой шинэ сонирхолтой эх сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилготой уг хуралд 30 гаруй эрдэмтэн судлаач оролцсон бөгөөд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Төвөд судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор Д.Наранцэцэг “Гүнбум хийд дэх үзэмчин өглөгийн эздийн хөшөөний бичээс”, Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Д.Боролзой “Үзэмчин аялгууны хэрэглээний өнөөгийн байдлын талаарх статистик судалгаа”, Төвөд судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Sc.D), профессор Л.Тэрбиш “Лавран хийдийн дүйрамба, үзэмчин Аку Банзар ламтны үйлс зохионгуйг товчхон өгүүлэх нь”, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Б.Баяртуяа “Үзэмчин гүн Гомбожавын “Гангын урсгал” зохиолын тухай” илтгэл тус тус хэлэлцүүллээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө