“ХХ ЗУУНЫ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛ: ШАНЖМЯТАВЫН ГААДАМБА-100” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.
“ХХ ЗУУНЫ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛ: ШАНЖМЯТАВЫН ГААДАМБА-100” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

   Монгол Улсын Төрийн шагналт, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Эрдэмтэн-зохиолч, Утга зохиолын онолч, шүүмжлэгч, сурган хүмүүжүүлэгч Ш.Гаадамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “ХХ ЗУУНЫ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛ: ШАНЖМЯТАВЫН ГААДАМБА-100” эрдэм шинжилгээний хурал Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд 2024 оны есдүгээр сарын 27-нд боллоо. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Боловсролын яам, Эдийн засаг хөгжлийн яам, дэмжигч байгууллагаар Чингис хаан үндэсний музей, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол улсыг их сургууль, Монголын үндэсний номын сан, Монголын зохиолчдын эвлэл, Булган аймгийн Засаг даргын тамгийн газар, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль, “Улирал ба зохиолч” сэтгүүл зэрэг байгууллага хамтран зохион байгуулагчаар ажиллав.





   Хуралд монгол судлал, монгол хэл бичгийн ухааны манлай эрдэмтэд оролцож Ш.Гаадамбын амьдрал, уран бүтээлд холбогдох олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлж, түүний монгол хэл, утга соёл, сурган хүмүүжүүлэх ухаанд оруулсан хувь нэмрийг тодруулж хойч үедээ сурталчлан таниулсан юм. Тухайлбал, хурлын үндсэн илтгэлийг МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D) профессор С.Байгалсайхан “Ш.Гаадамбын хэл, утга соёлын ертөнц ба ХХ зууны монгол утга зохиол” сэдвээр хэлэлцүүлэв. Мөн МУ-ын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном “Ш.Гаадамба бол шинжлэх ухаанд дээлтэй төрсөн хүн”, МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд “Ш.Гаадамба бол “Монголын нууц товчоо” судлалын гарамгай эрдэмтэн мөн”, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ч.Дагвадорж “Эрдэмтэн багшийн нөмөр нөөлөг”, МУ-ын Гавьяат багш, доктор, профессор Ч.Жачин “Эх хэлний боловсрол, сургалтын талаарх Га багшийн үзэл”, доктор, профессор Г.Билгүүдэй “Нийгмийн сэтгэлгээг шинэчлэх хүслэнд хөтлөгдсөн он жилүүд”, МУБИС-ийн багш, доктор, профессор С.Энхбаяр “Монгол Улсын Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч, нэрт онолч Ш.Гаадамба агсны Монгол утга зохиолын онолын сэтгэлгээнд эзлэх байр суурь”, доктор Т.Баясгалан “Ш.Гаадамбын монгол аман зохиол судлалд оруулсан хувь нэмэр”, доктор, профессор Г.Галбаяр “Монгол шүлгийн судлалд эрдэмтэн Ш.Гаадамбын оруулсан хувь нэмэр”, доктор, профессор Р.Чүлтэмсүрэн “Ш.Гаадамбын “Чөдөр өвс” өгүүллэгийн эх дүр, үзэл санаа, үнэлэмж”, доктор, профессор Ц.Магсар “Ш.Гаадамбын орчуулгын зохиол”, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэнджав “Эрдэмтэн Ш.Гаадамба-Оюун санааны эрх чөлөөг манлайлагч мөн”, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхэмийн эрхлэгч, доктор, профессор Б.Хишигсүх “Ш.Гаадамбын “Элбэг дээл” уран сайхны кино”, доктор (Sc.D), профессор С.Хөвсгөл, доктор П.Яньдий нар “Ш.Гаадамбын “Багын явдал” туужийн хүүгийн дүрийн харьцуулалт”, доктор, дэд профессор А.Мөнх-Оргил “Уран зохиолын арга өргөн хэлэлцүүлгийн сэдэв болсон хийгээд түүнд холбогдох Ш.Гаадамбын байр суурь”, доктор, дэд профессор Ө.Саранцэцэг, докторант Ли Ли нар “Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын утга зохиолын үзэл баримтлал ӨМӨЗО-д нөлөөлсөн байдал”, доктор, дэд профессор Д.Болормаа, доктор З.Пүрэвсүрэн нар “Ш.Гаадамба “Монгол сурвалж дахь түүхэн домог”-ийг судалсан нь”, доктор, дэд профессор Б.Энхээ “Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын “Сургах цээж бичгийн эх” номын өнөө цагийн ач холбогдол” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж “Ш.Гаадамба судлал”-ыг баяжуулж, шинэ соргог мэдээ мэдээлэл, намтарт холбогдох баримтыг солилцсон амжилттай хурал болж өндөрлөлөө.
















   Мөн “Га багшийн номын сан” цувралын “Зохиолууд”, “Аман зохиол судлалын бүтээл”, “Сурган хүмүүжүүлэх ухааны бүтээл” зэрэг бүтээлийн нээлт боллоо.

   Хурлын үеэр Монгол Улсын Үндэсний номын сангаас зохиолчийн гар бичмэл, бие даасан болон хамтарсан бүтээл, сонин сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, номоор үзэсгэлэн гаргаж эрдэмтэн зохиолч Ш.Гаадамыбын бүтээлийн ном зүйлчилсэн санамж өгөх ном зүйг эрхлэн хэвлүүлснээ тус номын сангийн захирал уншигч, судлаач түмнээ толилуулав. “Гаа багш” сангаас эрдэмтэн зохиолчийн хувийн хөмрөг дэх гэрэл зургийн сангаасаа амьдрал, уран бүтээлд нь холбогдох ховор нандин зургуудыг дэлгэн үзүүллээ. Бас энэ үеэр Монголын Хүүхдийн төв номын сангаас зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж, үзэсгэлэн дэлгэсэн байна.








   Хурлын үргэлжлэл 2024 оны есдүгээр сарын 28-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Монгол Улсын Төрийн шагналт, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Эрдэмтэн-зохиолч, Утга зохиолын онолч, шүүмжлэгч, сурган хүмүүжүүлэгч Шанжмятавын Гаадамбын хөшөөний нээлт боллоо. Энэ үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд эрдэм дэлгэрүүлэх, сурталчлах зорилгын хүрээнд академич Л.Болд “Эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамбын намтарт холбогдох зарим баримтыг тодруулах нь”, доктор, профессор Г.Билгүүдэй “Эрдэмтэн-зохиолч, утга зохиолын онолч, шүүмжлэгч, сурган хүмүүжүүлэгч Шанжмятавын Гаадамбын туурвисан утга зохиолын онол, түүх, монгол судлалын эрдэм шинжилгээний бүтээлүүд, уран зохиолын туурвилын тухай”, доктор Т.Баясгалан “Ш.Гаадамбын монгол аман зохиол судлалд оруулсан хувь нэмэр”-ийг тодруулж, лекц уншиж сонсголоо.







   
   Ш.Гаадамба нь эрдэмтэн зохиолч, утга зохиолын онолч, шүүмжлэгчээс гадна Монголын нэртэй аман зохиол судлаач, орчуулагч, сурган хүмүүжлэгч хүн байв. Тэр бээр монгол ардын аман зохиол судлалыг бие даасан тогтолцоот шинжлэх ухаан болгон хөгжүүлэх талаар их зүйл хийж, дорвитой бүтээл олныг туурвижээ. Ш.Гаадамба МУИС-д ажиллаж байхдаа “Харьцуулсан аман зохиол” хэмээх цоо шинэ хичээлийг бий болгож, Монгол Улсын их дээд сургуулийн сургалтад нэвтрүүлсэн байна.

   Ш.Гаадамба орчуулагчийн хувиар дэлхийн утга зохиолын онолын сэтгэлгээний суут бүтээлээс тухайлбал, Аристотелийн “Туурвил зүй”-г орчуулан оршил тайлбарын хамт хэвлүүлж, Н.Г.Чернышевский “Урлаг үнэн байдалтай гоо зүйн талаар харьцах учир” (1980), Буалогийн “Яруу найргийн урлаг” (1986) номыг орчуулан уншигч, зохиолч, судлаачдын уран зохиолын онолын мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Уран зохиолын орчуулга хийснээс жишээлбэл, Марк Твений “Том Сойерын адал явдал”, Ж.Родарийн “Чипполинагийн адал явдал”, “Жельсомина худал хуурмагийн оронд” А.С.Пушкины “Бахчисарайн оргилт булаг”, “Цыганууд” найраглал дэлхийн хүн төрөлхтний үгийн урлагийн сонгодог зохиолын дээжээс уншигч олондоо хүргэсэн.
   
    Ш.Гаадамба нь уран бүтээлч хүний сэтгэн бодох, туурвих эрх чөлөөг эрхэмлэн үздэг нэгэн байсан. Тиймээс ч 1990 оны 9-р сарын 27-ны өдөр Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо байгуулагдахад идэвхтэй оролцож холбооны анхны тэргүүнээр сонгогдон ажиллажээ.
   
    Ш.Гаадамба Оросын уран зохиолын онолч, судлаач Г.Абрамовичийн уран зохиолын онолын номыг орчуулан “Цог” сэтгүүлд цувралаар нийтлүүлж, улмаар үлгэр загвараар, монгол уран зохиолын тодорхой жишээн дээр уран зохиолын онол мэдлэгийг өгүүлсэн “Монгол уран зохиолын онолын товч” номоо 1958 онд хэвлүүлсэн нь, олон үеийн зохиолчдыг утга зохиолын онолтой танилцуулж, зохиол бүтээлээ туурвихад тодорхой үүрэг гүйцэтгэн, уншигч зохиолчдын хэдэн үеийг хүмүүжүүлсэн юм. Улмаар уран зохиолын мөн чанар, агуулга хэлбэр, дүр, төрөл зүйл, шүлэглэх арга барил, уран зохиолын урсгал чиглэлийн тухай задлан тайлбарласан энэ бүтээлээ шинэ бодрол, жишээгээр баяжуулан шинэчилж, 1989 онд “Утга зохиолын онолын үндэс” бүтээлээ хэвлүүлсэн нь өдгөө ч зохиолч, судлаач, сонирхогчдын гол хэрэглэгдэхүүн, сурах бичиг болсоор байна.

   Эрдэмтэн Ш.Гаадамба Монголын уран зохиолд өрнө европ зүгийн  онол, арга барилыг нэвтрүүлж тогтолцоотой шинжлэх ухаан болгоход дорвитой нэмэр оруулсан юм. “Уран зохиолын хэв шинжийн асуудалд”, “Уран зохиолын хэлний тухай”, “Хэл бичгийн зарим асуудлууд”, “Утга зохиолын түүхийг боловсруулахад анхааръя”, “Уран зохиолын сэдвийн тухай”, “Ёгт үлгэр хэрхэн бичих вэ?” зэрэг хэдэн арван өгүүлэл бичиж хэвлүүлсэн нь уншигч зохиолчдыг уран зохиолын онол бодролтой танилцуулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн  хэмээн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбараас эрхлэн хэвлүүлсэн “Монгол уран зохиол судлалын шинэ хандлага” (2008) номд онцлон тэмдэглэсэн байна.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө