“Хэл зохиол судлал-2024” эрдэм шинжилгээний хурал болов
“Хэл зохиол судлал-2024” эрдэм шинжилгээний хурал болов

“Хэл зохиол судлал-2024” эрдэм шинжилгээний хурал болов

            Судар бичгийн хүрээлэнгийн анхны эрхэлсэн дарга Онходын Жамьянгийн мэндэлсний 160 жилийн ойд зориулсан “Хэл зохиол судлал-2024” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12 сарын 16-нд Чингис хаан үндэсний музейд амжилттай боллоо. Уг эрдэм шинжилгээний хуралд монгол, франц, ОХУ, БНХАУ-ын 25 эрдэмтэн хэл шинжлэл, утга зохиол судлал, Жамьян судлалын чиглэлээр илтгэл хэлэлцүүлэв.

            Хурлын нээлтэд УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр оролцсон бөгөөд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Онходын Жамьянгийн эхлүүлсэн үйл хэрэг бүхэн өрнөн дэлгэрч, батжин бэхэжсэн гэдгийг та бүхэн андахгүй биз ээ. Тухайлбал, Их эрдэмтэн Онходын Жамьян гүнтэн Монгол улсын Судар бичгийн хүрээлэнг анх байгуулах цагаас эхлэн арваад жил тасралтгүй даргын албанаа зүтгэж явсан гавьяаг Монголын Улсын Шинжлэх ухааны академи үнэлэх учиртай” хэмээн тэмдэглэн хэлэв.

Энэ өдөр хэл бичгийн ухааны доктор, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатарт Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор цол олгосныг захирал, доктор Ж.Бат-Ирээдүй гардуулан өглөө.



Түүнчлэн хурлын үеэр “Жамьян судлалд холбогдох баримтын дээжис” үзэсгэлэнг Архивын ерөнхий газраас дэлгэн үзүүлсэн нь олны сонирхлыг татаж байв.


“Хэл зохиол судлал-2024” эрдэм шинжилгээний хурлын дэмжигч, хамтран зохион байгуулагчаар Боловсролын яам, Архивын ерөнхий газар, Чингис хаан үндэсний музей, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний номын сан, Онходын Жамьянгийн төрөл садны төлөөлөл оролцсонд Хэл зохиолын хүрээлэнгийн зүгээс гүн талархал илэрхийлье. Мөн “Хэл зохиол судлал-2024” эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн, оролцсон нийт эрдэмтэн судлаачид та бүхнийхээ цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө