
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбар, Д.Өлзийбаяр агсаны гэр бүл, үр хүүхэд хамтран зохион байгуулсан энэхүү хуралд захирал, доктор Ph.D, дэд профессор О.Шинэбаяр мэндчилгээ дэвшүүлж ЭШТА, доктор Ph.D, дэд профессор Д.Болормаа, доктор Ph.D З.Пүрэвсүрэн нар “Утга зохиол судлаач, шүүмжлэгч Даржаагийн Өлзийбаярын эрдэм судлалын ажил”, доктор Ph.D, профессор, Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатар “Д.Өлзийбаярын сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмэр”, ЭШТА, доктор Ph.D, дэд профессор, тус салбарын эрхлэгч Д.Цэвээндорж “Д.Өлзийбаярын хүүхдийн уран зохиолын судлал шинжлэл”, доктор Ph.D, профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Хүү “Монголын орчин үеийн уран зохиол дахь шинэ хүний дүрийн судалгаа буюу Д.Өлзийбаяр”, доктор Ph.D, профессор, Монгол Улсын гавьяат багш Ч.Жачин “Эрдэмтэн Д.Өлзийбаяр Монголын орчин үеийн уран зохиолын нэртэй төлөөлөгчдийн уран бүтээлийг судалсан нь”, МЗЭ-ийн шагналт зохиолч, судлаач Г.Батжавхлан “Д.Өлзийбаярын шүүмж, судлалын бүтээлүүд”, ЭША, магистр Б.Мөнх-Эрдэнэ “Монгол романы судлалд Д.Өлзийбаярын оруулсан хувь нэмэр”, магистр, Монгол Улсын гавьяат багш П.Лхамсүрэн, Магистр, тэргүүлэх багш, АБТА П.Юнгэрэн нар “Боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх салбар ба Д.Өлзийбаяр” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Мөн тус эрдэм шинжилгээний хуралд Академич, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Л.Болд, Монгол Улсын ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D), зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн, Монгол Улсын ардын багш, доктор (Sc.D), профессор Ц.Өнөрбаян нар дурсамж, хүндэтгэлийн үг хэлсэн юм.

Өнөөдрийн илтгэлүүдэд Д.Өлзийбаяр судлалд олон шинэ санаа, дүгнэлт дэвшүүлснийг ном болгон эмхэтгэх нь зүйтэй юм хэмээн тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ph.D, дэд профессор Т.Баясгалан хурлыг хааж хэлсэн үгэндээ онцолсон бол МУИС-ийн хөтөлбөрийн чанар баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн, доктор (Ph.D) Ө.Оюунхүү хурал амжилттай болсонд талархал илэрхийлж МУБИС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн IV ангийн шилдэг оюутан Д.Дашдуламд аавынхаа нэрэмжит шагналыг гардуулсан юм.