ЖАВЗАНГИЙН ЦОЛОО
(1936-2021)
Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор (Sc.D),
профессор Ж.Цолоо 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
өвчний улмаас бурхны оронд одож бидэнд хэмжээлшгүй их уй гашуу тохиолдлоо.
Монгол улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан, хэл бичгийн шинжлэх ухааны
доктор (Sc.D), профессор Жавзангийн Цолоо 1936 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг Таван-Овоо
хэмээх газарт төрж, 1959 онд МУИС-ийн Хэл бичгийн
факультетийн монгол хэл, уран зохиолын ангийг төгссөнөөсөө хойш Хэл
зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарт тасралтгүй 60 гаруй жил үр
бүтээлтэй ажилласан эрдэмтний нэг юм.
Эрдэм
шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Цолоо 1977 онд Улаанбаатар хотноо “Орчин
цагийн монгол утга зохиолын хэл бүрэлдэн тогтсон нь” хэмээх сэдвээр хэл бичгийн
ухааны дэд эрдэмтэн (Ph.D), 1993 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо “Монгол нутгийн
аялгууны үгийн сангийн харьцуулсан судалгаа” гэсэн сэдвээр хэл бичгийн шинжлэх
ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ.
Хэл
бичгийн шинжлэх ухааны доктор Ж.Цолоо БНУУ-ын Будапешт хотын Өтвөш Лорандын
нэрэмжит их сургуулийн Монгол судлал, Төв Ази судлалын тэнхимд 1990-1993 онд,
дараа нь 1999-2005 онд, нийтдээ бүтэн арван жил монгол хэлний урилгын профессороор
ажилласан юм. Урилгаар ажиллаж байхдаа Унгарын монголч эрдэмтэдтэй хамтран
2000-2004 онд Монголын хөдөө орон нутгаар хээрийн судалгааг хэдэн удаа хийжээ.
Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Цолоо эрдэм
номын мөр шимтэн хөөсөн 60 гаруй жилийн хугацаандаа эрдэм шинжилгээний ганц
сэдэвт бүтээл 20 шахмыг бичиж туурвиж, судалгааны дэлгэрэнгүй оршил тайлбар
бүхий түүвэр эмхэтгэл 10-аадыг хэвлэн нийтлүүлж, эрдэм шинжилгээний өгүүлэл 100
гаруйг хэвлүүлж өргөн олны хүртээл болгожээ.
Доктор
Ж.Цолоо судалгааны бүтээлдээ “өгүүлүүр авиа зүй”, “Тагнайн зураг судлалын
арга”, “Рентген зураг судлалын арга”, “Кимограф” гэх мэтийн орчин үеийн туршилт
авиа зүй судлалын шинэлэг ойлголтыг монгол хэл судлалд оруулж ирснээрээ шинэлэг
бөгөөд үлдэцтэй сайн судалгаа болсон хэмээн дотоод, гадаадын монголч эрдэмтэд
үнэлэн үздэг.
Профессор
Ж.Цолоо орчин цагийн монгол хэлний нутгийн аялгуу судлалын чиглэлээр “Захчин
аман аялгуу” (1965), “Монгол хэлний авианы өгүүлэгдэх ёс” (1967), “Халх аялгуу”
(1970), “БНМАУ-ын нутгийн аялгуу” (1987), “БНМАУ дахь монгол хэлний нутгийн
аялгууны толь бичиг”, гурван боть (1988), “Монгол хэлний нутгийн аялгууны үгийн
сангийн харьцуулсан судалгаа” (1990), “Монгол хэлний нутгийн аялгуу” (1997),
“Монгол улсын буриад-монголчууд” (2005), “Арын арван гурван ноёдын дуун” (2007),
“Монгол хэлний нутгийн аялгуу судлал” (2009), “Захчины товчоон”
(2010), “Хэл зохиолын хүрээлэнд хагас зуу илүү жил” (2011), “Орчин цагийн
монгол хэлний нутгийн аялгуу” (2011), “Халхын аман бичгийн хэлний дурсгал”
(2013), “Хэл зохиолын хүрээлэнгийн товч түүх” (2016), “Б.Ринчен - албан
захидал” (2016) тэргүүтэн судалгааны бүтээл нийтлүүлжээ.
Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлэн Шинжлэх
ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Алтан
гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол улсын Шинжлэх ухааны
гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ.
Талийгаачийн
хөдөлмөрч, хичээнгүй, эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр бид бүхний
сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн үр
хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ШУА-ИЙН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР
ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН,
АХМАДЫН ЗӨВЛӨЛ