
Академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал 11-р сарын 20-ны өдөр Архивын Ерөнхий газарт боллоо. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Архивын Ерөнхий Газар, Олон Улсын Монгол судлалын холбоо, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан, Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, билгүүн номч Б.Ринчений гэр бүлийн төлөөлөл оролцлоо. Аман билиг зүйч, угсаатны зүйч, нэр томьёо судлалын шилдэг эрдэмтний хэл шинжлэл, утга зохиол, шашин соёлын судлал, орчуулгын онол зэрэг хэл бичиг, хүмүүнлэгийн ухааны салбарт оруулсан хувь нэмрийг дотоод, гадаадын эрдэмтэд хэлэлцүүлэн шинэ судалгаа, баримтуудаар тодотгохын зэрэгцээ түүний уран бүтээл, эрдэм шинжилгээний туурвилыг гүнзгийрүүлэн судлахын ач холбогдлыг тодруулсан юм.


Профессор Б.Ринчен 1927-1977 он хүртэл хагас зуун жил Хэл зохиолын хүрээлэнтэй салшгүй холбоотой ажилласан ууган эрдэмтдийн нэг бөгөөд хэл шинжлэлийн дэг сургуулийг үүсгэсэн тэргүүний сэхээтэн, соён гэгээрүүлэгч байсныг тус хурлын үеэр судлаачид онцлов.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Архивын Ерөнхий газраас Их эрдэмтний гар бичмэл, ном хэвлэл, эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн гаргасан нь эрдэмтэн судлаачид болон олон нийтийн анхаарлыг татсан юм.
