ОХУ-тай хамтарсан эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо.
ОХУ-тай хамтарсан эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо.

Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнтэй хамтран Санкт-Петербургийн Улсын Их Сургууль, ОХУ-ын Эрмитаж музей, Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Чингис хааны үндэсний музейн дэмжлэгтэйгээр эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Энэ хурлыг монгол судлалын ямар нэгэн онцгой үйл явдал, Төв Азийн болон Монгол судлалд, мөн монголын улс төр, соёлын амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан тодорхой нэг эрдэмтэн судлаачид зориулан 2016 оноос ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний ээлжит арга хэмжээ бөгөөд өнгөрсөн хугацаанд Оросын нэр монголч эрдэмтэд К.Ф.Голстунский, А.Г.Сазыкин, З.К.Касьяненко, Вл. Л. Котвич, А.В.Бурдуков болон Москвагийн монгол судлаачдын ой, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн 200 жилийн ой зэрэгт зориулагдсан билээ.

Энэ удаагийн хурлыг ОХУ-ын ШУА-ийн 300 жилийн ойд зориулан зохион байгууллаа.

ОХУ-ын Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал И.Ф. Попова, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж. Бат-Ирээдүй нар хурлыг нээж, мэндчилгээ дэвшүүлэв.

Хуралд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Элиста болон Улаан-Үд хотоос хүрэлцэн ирсэн монгол судлаачид монгол хэл шинжлэл, утга зохиол, аман зохиолын чиглэлээр нийт 22 илтгэл тавьж хэлэлцүүллээ. Манай хүрээлэнгээс доктор Б. Дайриймаа, Э. Мөнхцэцэг нар цахимаар оролцож, илтгэл хэлэлцүүлэв. Мөн хурлын үеэр Хэл зохиолын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Дэлхийн утга зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтын бүтээл «Монголчуудын аман зохиолын дурсгал» 10 боть цувралын талаар доктор А. Алимаа илтгэж танилцууллаа.







Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө