Монгол Улсын Засгийн Газраас “Чингисийн чулуун бичиг”-ийн 800 жил, “Дуутын хадны бичиг” буюу “Цогтын чулууны бичиг”-ийн 400 жилийн тэгш ойг даширлан 2024 оны “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласан билээ.
Соёлын Яам (хуучин нэрээр)-аас ажлын төлөвлөгөө гаргаж тодорхой ажлуудыг мэргэжлийн байгууллагууд хуваарилан авч хийхээр тогтсон бөгөөд энэ хүрээнд Монгол бичгийн дурсгалуудын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиг үсгийн талаар нийтлэл, эсээ бичих, ярилцлага өгөх, нэвтрүүлэг хийх, монгол бичгийн дурсгалуудын монументал урлагийн бүтээлийн уралдаан зарлан дүгнэх, монгол бичиг үсгийн дурсгалын цомог каталог хийх гэх мэт олон төрлийн ажлыг төлөвлөснөө манай хүрээлэн нэгдүгээрт Монументал урлагийн бүтээл зарлан шалгаруулах ажлыг Соёлын Яам, Урчуудын Эвлэл, Яруу найргийн академи, Бичиг, соёл төвтэй хамтран зохион байгуулах ажлыг, хоёрдугаарт монгол бичиг үсгийн каталог хийх ажлыг Яруу найргийн академитай хамтран хийх ажлыг хариуцан авч амжилттай гүйцэтгэлээ.
Монументал урлагийн бүтээлийн уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаж 10 гаруй уран бүтээлчийн 20 шахам бүтээл ирснээс дээрх байгууллагуудаас оролцсон ажлын хэсэг шалгаруулан дүгнэж, шагналыг гардуулахын зэрэгцээ “Бичиг соёл галерей”-д уг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа.
Уг уралдаанд уран бүтээлч Б.Ганбаатарын “Мөнх тэнгэрийн тунхаг” бүтээл шалгарч бусад уран бүтээлчид шагналт байранд шалгарлаа. Б.Ганбаатар бүтээлийнхээ тухай “Би энэ бүтээлдээ монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхэн өвийг янтай дээрээ дээш боссон бийрийн хэлбэрт оруулан оройд нь монголчуудын язгуур гурван бэлгэдэл, нар, сар, мөнхөд бадрахын бэлгэдэл галыг оруулан дүрсэллээ. Мөн эх биед нь монгол, хүннү, кидан, дөрвөлжин, али гали, соёмбо, хэвтээ дөрвөлжин, вагиндара, латин, кирилл, тод бичгийн элементүүдээс оруулж дүрслэн түүхийн товчоон, өвгөдийн сургаал, бидний оршлын хураангуйг бүтээлдээ агууллаа.” гэж тайлбарлаж байлаа.