Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуультай хамтран “Аж үйлдвэрийн салбарын нэр томьёоны хэрэглээ, стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дархан хотноо зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг нь Аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун (AI), дижитал технологийн хөгжлийн цаг үед үндэсний аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хөгжилд нэр томьёо, нэр нэршил, ажил мэргэжлийн хэлний бодит тулгамдсан асуудлыг шийдэх, цахим боловсруулалт, корпус байгуулах, үр ашгийг нэмэгдүүлэх хиймэл оюун, цахим хөгжилд дэвшил гаргахад санал бодлоо солилцох, хэлэлцэх, үр бүтээлтэй ажлуудыг санаачлан гүйцэтгэх зорилготой юм.
Хэлэлцүүлэгт: Дархан Дулаан Цахилгаан Станц ТӨХК, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК, Дархан нэхий ХК, Дархан хүнс ХХК, Дархан-Уул аймгийн музей, Дархан-Уул аймгийн Онцгой байдлыг газар, Дархан- Ус суваг ХК, Дархан дулааны сүлжээ ТӨХК зэрэг байгууллагуудын төлөөлөгчид, инженер техникийн ажилчид оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр нээж үг хэлэн, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг “Мэргэжлийн нэр томьёоны хэрэглээ: хамтын ажиллагааны ач холбогдол” сэдвээр илтгэлээ.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд аж үйлдвэрийн салбарын нэр томьёоны өнөөгийн хэрэглээ, тулгамдсан асуудал болон стандартчилал зэрэг сэдвээр ярилцлаа. Оролцогч байгууллагуудаас инженер, техникийн ажилтнууд үйлдвэрлэл, эрчим хүч, ус хангамж, онцгой байдал зэрэг салбарт хэрэглэж буй нэр томьёоны ялгаа, орчуулгын зөрүү зэрэг асуудлыг хэлэлцэж, нэгдсэн ойлголт, хэрэглээг бий болгох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Мөн аж үйлдвэрийн салбарын нэр томьёог цуглуулах, ангилах, мэргэжлийн түвшинд шинжлэн боловсруулах, баталгаажуулах, цахим сан бүрдүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, үйлдвэрлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал дэвшүүлэв.

Хэлэлцүүлгийн үр дүнд үйлдвэрлэлийн бодит хэрэглээнд тулгуурласан нэр томьёоны сан бүрдүүлэх, цахимжуулах, салбарын нэр томьёог стандартчилах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, цаашид хамтарсан хэлэлцүүлэг, сургалт, судалгааг тогтмол зохион байгуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар боллоо.