Нэр томьёо судлалын нэрт эрдэмтэн хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Ойдовын Адьяагийн 70 насны ойг тэмдэглэлээ.
Нэр томьёо судлалын нэрт эрдэмтэн хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Ойдовын Адьяагийн 70 насны ойг тэмдэглэлээ.


Хүн болж төрнө гэдэг их аз, хувь тавилан юм. Тэр тусмаа эрдэм номын амтыг мэдэрч, судалж шинжилж, салбартаа нэр хүндтэй эрдэмтэн болно гэдэг хэн бүхний хүсээд хүрэх зүйл биш. Энэ л өдөр зэрэгцүүлсэн хэл шинжлэл, монгол хэлний толь зүй, нэр томьёо судлалын нэрт эрдэмтэн хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Ойдовын Адьяагийн 70 насны ойд зориулсан “Монгол нэр томьёо судлалын нэрт эрдэмтэн” эрдэм шинжилгээний хурал, шинэ номын нээлт боллоо. Адьяа нь Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгчээр ажиллаж ирсэн манай ахмад эрдэмтэн билээ. Далан насны ойн эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийн үйл ажиллагааг МУ-ын Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн, О.Адьяагийн гэр бүл хамтран амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болон Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон, түүний хань, үр хүүхэд, төрсөн дүү нь хүрэлцэн ирж нэгэн өдрийг дурсамж, түүх, гэрэл зураг, шинэ ном бүтээлтэй өнгөрүүллээ. Эрдэмтний амьдрал үйлсийн түүхэн гэрч болсон гэрэл зургуудыг үзүүлсний дараа Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), дэд профессор Ж.Бат-Ирээдүй нээж үг хэлэв. Дараа нь ШУА, МУИС, МУБИС-ийн хамт олон, гэр бүлийнхэн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүслээ.
Эрдэм шинжилгээний хуралд Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Э.Пүрэвжав “Монгол нэр томьёо судлаач Ойдовын Адьяа”, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр “Хэл шинжлэлийн “шинэ салбар”-ыг хөгжүүлэгч”, Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭШАА, доктор (Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа “Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн” зэрэг профессор О.Адьяагийн амьдрал, хөдөлмөр бүтээлийн тухай илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Профессор, доктор О.Адьяагийн мэндэлсний 70 насны ойг тохиолдуулан түүний дөч гаруй жилийн хугацаанд бичиж туурвисан олон арван бүтээлүүдийн дотроос нэр томьёо судлал, хэлний тухай төрийн бодлого, толь бичиг болон орчуулгын онол, практикийн тухай асуудлаар бичиж нийтлүүлсэн гуч орчим өгүүллийг дээжлэн авч, эмхэтгэсэн “Монгол нэр томьёо судлал: уламжлал, шинэчлэл” хэмээх номын нээлт, ёслол боллоо. Мөн эрдэмтэн Адьяагийн эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн харуулав. Ийнхүү зэрэгцүүлсэн хэл шинжлэл, монгол хэлний толь зүй, нэр томьёо судлалын нэрт эрдэмтэн О.Адьяагийн 70 насны ойн эрдэм шинжилгээний хурал, номын нээлт сайхан боллоо. Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн О.Адьяадаа эрдмийн хамт олноос нь урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.




Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө