ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН 14-ДЭХ ГАВЬЯАТ ЦОЛТОН,
ХЭЛБИЧГИЙН УХААНЫ ДОКТОР (Ph. D), ДЭД ПРОФЕССОР
ЭРДЭНИЙН ПҮРЭВЖАВ
2021 онд Монгол Улсад олон сайхан, түүхэн үйл явдлын тэгш дүүрэн ой тохиож байгаа билээ. Түүний дотор Монгол Улсад, орчин цагийн шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жил, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн жилээр, Гавьяат зүтгэлтний өлгий болсон Хэл зохиолын хүрээлэнгээс, тус хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА, Хэлбичгийн ухааны доктор, дэд профессор Эрдэнийн Пүрэвжав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.
Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Пүрэвжав, 1993 хэл ярианы соёлын зарим асуудал” сэдвээр хэл бичгийн ухааны эрдмийн зэрэг хамгаалж, Монгол хэл бичиг судлалд, өөрийн гэсэн судалгааны шанг татсанаас хойш Монгол хэл бичгийн шинжлэх ухаан, “Монголын нууц товчоо” судлал, Монгол судлалын чиглэлээр судалгааны ганц сэдэвт бүтээл, эх хэрэглэгдэхүүн, дээж бичиг, хамтын бүтээл, толь бичиг, эмхэтгэл, гарын авлага олныг гаргажээ.
Доктор Э.Пүрэвжавын тэдгээр олон бүтээлээс, судлаачийн өөрийнх нь санаачилга, тиймээс судлаач зөвхөн өөрөө эрхлэн гаргадаг, доктор Э.Пүрэвжавын нэрийн хуудас болсон “Монгол хэл бичгийн судлал” цуврал нь онцлог билээ. Анх 1997 онд эхлэн нийтэлснээс хойш өдгөө хүртэл тасралтгүй үргэжилсээр байгаа билээ.
Энэ бүтээл Монгол хэл шинжлэлд үнэтэй хувь нэмрээ оруулсан, өөрийн байр сууриа эзэлсэн, ном бүтээлээ гаргасан гурван эрдэмтэн, судлаачийг сонгон, тэдний амьдрал үйлс, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлд нь үнэлэлт өгөөд, төгсгөлд нь тухайн судлаачийн бүтээлийн бүрэн цэсийг, хамгийн чухал гэж үзсэн нэг зохиолынх нь хамт оруулж өгдөг нь, нэг талаас тусгайлан судалсан асуудлыг нэгтгэснээрээ, нөгөө талаас орчин цагийн монгол хэл шинжлэлийн хөгжлийн түүхэн тоймыг гаргахад бодит үр дүнгээ өгч буй, чухал ач холбогдолтой бүтээл болдог юм.
Доктор Э.Пүрэвжав, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаас, хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга болж, улмаар энэ завсар Японы Гадаад судлалын их сургууль болон бусад их дээд сургууль, судалгааны төвд “Зочин профессор”-оор олон жил ажиллаж, Монгол судлалыг олон улсад түгээх, харилцаа холбоо тогтоон ажиллахад, олон улсын монгол судлаач эрдэмтдийн их хурал, чуулга уулзалтыг зохион байгуулахад эрдэм чадал, хөдөлмөр зүтгэлээ чамгүй зориулжээ.
Монгол Улсын ШУ-ны Гавьяат зүтгэлтэн цол, хэлбичгийн ухааны доктор, профессор Э.Пүрэвжавдаа Хэл зохиолын хүрээлэнгийнхээ нийт хамт олны өмнөөс, эрдэм судлалын ажил нь улам бадран дэлгэрэхийн, эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.