ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Sc.D), дэд профессор Г.Батзаяа 2025 оны 7-р сарын 08-11-ний өдрүүдэд Буриадын Их Сургуулиас зохион байгуулж буй “Монгол судлаачдын олон улсын XI лагерь”-т очиж, 3 өдөр лекц уншаад ирлээ. Лекцийг “Монгол төрөл хэл, нутгийн аялгууг судалсан байдал, харьцуулсан ба цогц судалгаа”, “Монгол хэлний нутгийн аялгуу – аман аялгуу – салбар аман аялгууны өнөөгийн байдал”, “Монгол хэл, аялгуунуудыг харьцуулан судлахын ач холбогдол (нөхцөл бүтээврийн жишээгээр)” хэмээх сэдвүүдээр уншив.
Мөн тус хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндорж, МУИС-ийн багш, доктор (Ph.D) Ц.Батдорж нар Улаанбаатар хотоос онлайнаар “Уран зохиолын дүр урлалын монгол онол, туурвил зүй”, “Монгол Улс дахь нутгийн аялгуунууд, тэдгээрийн авиа зүйн шинэ судалгаа” сэдвээр тус тус лекц уншлаа. Тус зуны лагерийг Буриадын Их Сургуулийн Буриад хэл, заах аргын тэнхимийн эрхлэгч, кандидат, доцент Цырендоржиева Баирма Дамбиевна хариуцан зохион байгуулж, тус тэнхимийн доцент Дашиева Соёлма Анандуевна, Оросын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор (Sc.D) Хилханова Эржен Владимировна, Германы Гейдельбергийн Их Сургуулийн эрдэмтэн Бадагаров Жаргал Баяндалаевич нарын эрдэмтэд лекц уншиж, Буриадын Их Сургуулийн Буриад хэлний багшийн ангийн оюутнууд, Монгол, буриад хэл шинжлэлийн магиструуд оролцлоо. Үйл ажиллагаа нэг өдөр Улаан-Үд хотноо Буриадын Их Сургуульд, хоёр өдөр Байгал далайн эрэг дэх тус сургуулийн баазад амжилттай болж өндөрлөв.