“МОНГОЛ НЭР ТОМЬЁОНЫ СТАНДАРТЫН СУДАЛГАА” ном хэвлэгдлээ.
“МОНГОЛ НЭР ТОМЬЁОНЫ СТАНДАРТЫН СУДАЛГАА” ном хэвлэгдлээ.

“МОНГОЛ НЭР ТОМЬЁОНЫ СТАНДАРТЫН СУДАЛГАА”

Зохиогч: Н.Мөнхцэцэг, Г.Гэрэлмаа, О.Шинэбаяр, Б.Золжаргал, Н.Амартүвшин, Т.Батбямба, Т.Даваасүрэн, Х.Гэндэнпил

Ерөнхий редактор: М.Баярсайхан, Н.Мөнхцэцэг

Техник редактор: Б.Золжаргал

Хэвлэлийн хуудас: 18.3 хх

Хэвлэсэн он: 2024

ISBN: 978-9919-9984-4-8

“Монгол нэр томьёоны стандартын судалгаа” ном нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 85 нэр томьёоны стандартын 10387 нэр томьёог хэлний хэм хэмжээ, стандарт шаардлагад нийцэж буй эсэхийг судлан шинжилж бичсэн бүтээл юм.  Уг бүтээл нь Нэгдүгээр бүлэг: Нэр томьёо ба стандартчилал, Хоёрдугаар бүлэг: Стандартчилсан нэр томьёоны бүтэц, бүрэлдэхүүн, Гуравдугаар бүлэг: Стандартчилсан нэр томьёоны үгийн сан, утга зүй гэсэн үндсэн гурван бүлэгтэй.

Нэгдүгээр бүлэг нь нэр томьёоны стандартчилал, стандартын ерөнхий ойлголт хийгээд нэр томьёоны стандарт шаардлагыг тодорхойлж, стандартчилсан нэр томьёог уг шаардлагад нийцэж буй эсэхийг оноолт, тодорхойлолт, нэр томьёо ба ухагдахууны харьцаа талаас задлан шинжилж, алдаа дутагдлыг илрүүлэн хэрхэн засаж сайжруулах талаар өөрсдийн саналыг дэвшүүлсэн.

Хоёрдугаар бүлэг нь стандартчилсан нэр томьёог дан ба нийлэмж хэмээн ерөнхий ангилан тоон үзүүлэлтээр гаргаж, тус тусын онцлогийг тодорхойлж, бүдүүвч, загвар, жишээ баримтаар тодруулан өгүүлжээ.

Гуравдугаар бүлэг нь стандартчилсан нэр томьёог үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүний үүднээс зүйлчлэн ангилж, тус бүрийн онцлогийг тодорхойлохын зэрэгцээ зарим эргэлзээтэй асуудлыг тодруулан, жишээ баримтаар тайлбарласан байна.

Энэхүү бүтээл стандартын байгууллага, салбарын мэргэжилтэн, нэр томьёо судлаач, орчуулагчдад нэр томьёоны стандарт боловсруулахад гарын авлага болохоос гадна их дээд сургуулийн багш, оюутан, нэр томьёо судлалыг сонирхогч хүн бүхэнд сургалт, судалгааны үндэс суурь, чиг баримжаа болно. Түүнчлэн үндэсний нэр томьёоны стандартыг бүс нутаг, олон улсын стандартчилал, тохирлын үнэлгээний талаар гаргасан зарчим, стандартад нийцүүлэн шинжлэх ухаан техникийн түвшнийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр болно хэмээн итгэж байна.


Мэдээ бичсэн: Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
3 жилийн өмнө