“Чингис хаан үндэсний музей”-н үзэсгэлэнгийн танхимд Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ Агентлагийн 33 жилийн түүхтэй “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон явуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны 2024 оны буюу 28 дахь удаагийн шагнал гардуулах ёслол боллоо.
Энэхүү уралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ ирүүлж “Монголчууд бидний төрт ёсны олон зууны түүхийг бичиж тэмдэглэж, өвлүүлэн уламжлуулж ирсэн монгол соёл, сэтгэлгээний дархлаа, тусгаар улсын бэлгэ тэмдэг болсон монгол бичгээ шамдан сурч, өв соёлдоо эзэн байхыг хүүхэд залуучууд, нийт ард иргэд, монголчууддаа уриаллаа”.
Уг уралдаанд Монгол улсын Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймаг орон нутаг, БНХАУ-ын ӨМӨЗОрон, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсаас нийт мянга гаруй бүтээл ирүүлсэн байна. Уг уралдааны шүүгчээр уран бичээч Д.Батбаяр, уран бичээч, судлаач Т.Жамъянсүрэн, ХЗХ-ийн захирал доктор Ж.Бат-Ирээдүй нар ажиллаж шилдэг бүтээлийг шалгарууллаа. Уралдаанд түрүүлсэн уран бүтээлч хүүхдүүд МУИС, МУБИС-ийн мэргэжлийн ангид үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг хүртсэн бол тусгай байрт шалгарсан уран бүтээлч залуучууд, хүүхдүүд, багш нар Монгол хэл бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо, Шадавын Лувсанвандан сан зэрэг байгууллагын тусгай шагналыг гардан авлаа. Уг уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн “Чингис хаан үндэсний музей”-д энэ сарын сүүл хүртэл ажиллаж байна.