АЛТАЙ СУДЛАЛЫН САЛБАРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын
хүрээлэнгийн Алтай судлалын салбарт одоо академич Л. Болд, доктор (Ph.D) О.
Самбуудорж (тасгийн эрхлэгч), доктор (Ph.D)
Э. Мөнхцэцэг, доктор (Ph.D) Б. Уртнасан, магистр Ё. Мөнхбат, магистр С.
Энхбадрах, гэрээт ажилтан Б. Цэрэнжав нар ажиллаж байна.
Алтай судлалын салбар нь монгол хэлний хөгжлийн түүхийг Алтай
овгийн хэл хэмээн нэрлэдэг түрэг бүлгийн хэл, манж – түнгүс бүлгийн хэл,
түүнчлэн тухайн гурван бүлэг хэл дээр зарим эрдэмтний нэмж оруулдаг солонгос,
япон зэрэг хэлний бичгийн болон амьд ярианы хэлтэй харьцуулан судлах зорилго
агуулдаг юм.
Алтай овгийн хэлнүүдийн харьцуулсан судалгаа өргөн
хүрээтэй бөгөөд гадаадын олон оронд энэ талын судалгааг хийдэг салбар нэгж, эрдэмтдийн
баг байдаг. Иймээс эрдэмтдийн энэ талын судалгааг дэмжих, судалгааны бүтээлийг
хэлэлцүүлэх, саналыг солилцоход чиглэсэн “Олон улсын Алтай судлалын
Байнгын Бага хурал” (PIAC) хэмээх
байгууллага байгуулагдаад 60 гаруй жил болж байна. Энэ байгууллага Олон улсын
алтай судлалын судалгааг дэмжих, эрдэмтдийн судалгааг сурталчлах зорилгоор жил
бүр ээлжит хурлыг зохион байгуулж, шилдэг бүтээл туурвисан эрдэмтдийг Алтай
судлалын алтан медалиар шагнадаг юм. Эдүгээ монголын эрдэмтдээс академич Б.
Ринчен (1965), академич Д.
Цэрэнсодном (2015) энэхүү алтан
медалиар шагнагдаад байна.
Монголын Алтай судлал нь орчин үеийн Монгол Улсын шинжлэх
ухааны ууган байгууллага болох 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн
үеэс үүсэн хөгжиж, ялангуяа үндэсний чадварлаг боловсон хүчинтэй болж эхэлсэн
1950-иад оноос монгол хэлээ түрэг, манж – түнгүс бүлгийн хэлүүдтэй харьцуулан
судлахын сацуу, өөрийн оронд буй түрэг хэлтний төлөөлөгч хасаг, тува, цаатан (духа) нар, мөн манж – түнгүс
хэлтний төлөөлөгч хамниган нарын хэл аялгууг тусгайлан судалж байна. Түүнчлэн 1970-аад
оноос монгол хэлээ япон, солонгос хэлтэй харьцуулан судлах судалгаа бий болов. Энэ
талаар Б. Ринчений “Монгол
ард улсын хамниган аялгуу” (1969), Б. Базылханы “Монгол – Казах хэлний харьцуулсан судалгаа” (1973), “Казах – Монгол толь” (1977), “Монгол – Казах толь” (1984), А. Лувсандэндэв, Л. Болд нарын цаатан (духа) нарын хэл
аялгууны судалгаа болон Монгол нутаг дахь эртний түрэг бичээсийн судалгаанууд
хэвлэгдсэн билээ. Тухайлбал, академич Л. Болдын “Орхон бичгийн дурсгал” (2010, 2011) цуврал бүтээлүүд хэвлэгдээд байна.
Түүнчлэн Го. Мижиддорж “Монгол, манж бичгийн хэлний
харьцаа” (1976), Б. Сумъяабаатар “Монгол, солонгос туургатны угсаа гарал, хэлний холбооны асуудалд” (1975), Г. Жамбалсүрэн “Очерки
сопоставительной грамматики японского и монгольского языков” (Япон - монгол хэлний зэрэгцүүлсэн хэлзүйн найруулал) (1978), Б. Түвшинтөгс “Историко-сопоставительный
анализ глагольной лексики в монгольском и маньчжурском языках” Монгол –
манж хэлний үйл үгийн үгийн сангийн түүхийн болон зэрэгцүүлсэн задлал” (2009),
Э. Мөнхцэцэг “Маньчжурская лексика маньчжуро-монгольских словарей XVIII века”
(XVIII зууны манж – монгол толины манж хэлний үгийн сангийн судалгаа) (2016) зэрэг ганц сэдэвт
зохиолыг туурвиад байна. Түүнээс гадна тус
хүрээлэнгийн эрдэмтэд алтай судлалын чиглэлээр олон арван судалгааны өгүүллийг
дотоод гадаадад хэвлүүлээд байна.
Ийн Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад
үеийн эрдэмтдийн үүсгэн бий болгосон судалгааны энэ салбар эдүгээ шинэ чиглэл, хэрэглэгдэхүүнээр
улам баяжин хөгжиж, алтай судлалын залуу үеийн төлөөлөгчид олноор бий болж байна.
Судалгааны ийм үр дүн нь монгол хэлний хөгжлийн түүхийг өрнө дахины судлаачид
түрэг хэлнүүдийн жишээ баримтаар дамжуулан тайлбарлах хандлага байсныг өөрчилж,
манай эрдэмтэд эх хэлнийхээ баримтыг илүү өндөрт өргөн тавьж бусад хэлтэй
харьцуулан судлах боломжтой болж байна.
Иймд Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар Хэл
зохиолын хүрээлэнгийн боловсон хүчний нөөц бололцоо, судалгааны ажлын чиглэл,
цаашдын төлөвийг харгалзан 2001 оны 12 сард 45 тоот тогтоолоороо тус хүрээлэнд
Алтай судлалын салбарыг байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Одоо тус үрээлэнгийн Алтай
судлалын салбарын хамт олон жил бүр хэвлүүлдэг олон улсын редакцын зөвлөл бүхий
“ALTAICA” сэтгүүлийн XIII боть, мөн “Монгол
хэл бусад хэлтэй хэрхэн холбогдох нь” цувралын XV ботийг хэвлүүлээд байна.
Түүнчлэн тус салбар байгуулагдсан үеэсээ эхлэн Монгол
Улсын болон гадаадын холбогдох хүрээлэн, Их сургуулиудтай хамтран жил бүр алтай
судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний дотоодын болон олон улсын эрдэм
шинжилгээний хурлыг зохион байгуулаад байна.
Одоо ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын
салбарын хамт олны ойрын гол зорилт бол ахмад үеийн үүсгэн байгуулсан монгол
хэлийг алтайн овгийн бусад хэлтэй харьцуулан судлах судалгааг эрчимжүүлэхийн
зэрэгцээгээр шинжлэх ухааны шинэ чиглэл, онолыг бүтээлчээр эзэмшиж шинэ бүтээл
туурвих, мөн алтай судлалын чиглэлээр Олон улсын эрдэм
шинжилгээний хурлууд, түүний дотор “Олон улсын Алтай судлалын Байнгын Бага
хурал” (PIAC) байгууллагын жил
бүр зохион байгуулдаг уламжлалт хурлыг эх орондоо зохион байгуулахаар чармайн
ажиллаж байна.
Бямбажавын Түвшинтөгс | |
Даваажавын Уртнасан | |
Ёндонринчен Мөнхбат Дэлгэрэнгүй үзэх | |
Лувсандорж Болд Дэлгэрэнгүй үзэх | |
Очирбатын Самбуудорж Дэлгэрэнгүй үзэх | |
Энхбатын Мөнхцэцэг Дэлгэрэнгүй үзэх |