Прагматик – грек хэлний pragma буюу ажил хэрэг, албан хэрэг, үйл явц, нөлөө гэсэн үгнээс үүсжээ. Энэ үг олон утгатай.
1.Ашигтай, үр дүнгээ өгч байгаа тэр зүйл л үнэн болохоос биш, бодит байдалд нийцэж байгаа бүхэн үнэн биш гэж дүгнэдэг үзэл бодол;
2.Түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар; Тэр нь үйл явдлыг гадаад хэлхээ холбоонд нь авч үзэхээс биш түүхэн хөгжлийн бодит хуулийг нээдэггүй ажээ.
3.Зарчмын үзэл бодлоос урган гараагүй хувийн ашиг сонирхлын үүднээс хийж буй үйл ажиллагаа;
4.Дохио тэмдгийн салбар ухаан. Уг ухаан нь дохио тэмдэг болон түүнийг хэрэглэж буй хүмүүсийн хандлагыг судалдаг ухаан юм.
Одоо прагматик үзэл бодол гэдгийг аливаа зүйлд хэт нэг талыг баримтлалгүй, амьдралд аль оновчтойг нь олж харах, дэмжих хэмээн ойлгож байгаа билээ. Жишээлбэл, … Манай сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа математикийн чиглэлийн хичээлийг прагматик талаас нь илүү түлхүү судалдаг /“Ө”1998.06.15, №125/ өгүүлбэрийн утга нь “хэрэглээ” гэдэгтэй тохирч байна. Зарим эрдэмтэн аж хэрэглээ хэмээн нэр оноосон нь ч бий. Тэгэхлээр прагматик үзэл бодол гэдэгт бодит үзэл бодол, хэрэглээний үзэл бодол хэмээн оноож болох юм.