ЯПОН УЛСАД МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ ҮГИЙН
ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ
Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ёс, түүх, соёл, хэлний хөгжлийн мэдээг ихээхэн агуулж байдаг, судалгаа болон сургалтын ач холбогдолтой монгол хэлний хэлц үгийн “モンゴル語慣用句辞典 / Монгол хэлний өвөрмөц хэлцийн толь” хэмээх 754 хуудас бүхий томоохон, цогц шинэ бүтээлийг Япон улсын Осакагийн Их сургуулийн хэвлэлийн газраас 2026 оны 1 сарын 11-ний өдөр нийтийн хүртээл болгон хэвлүүлээд байна.
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулбал:


Энэхүү гайхалтай бүтээлийг бичихэд зохиогчид сургалт, судалгааны явцад 20 орчим жилийн хөдөлмөрийг зориулсан байх бөгөөд 2025 оны 8 сард Осакагийн Их сургуулиас хэвлүүлэх бүтээлийн уралдаанд орж шалгарснаар 2026 оны 1 сарын 11-нд нийтийн хүртээл болжээ. Бүтээлийн зохиогчид Шигэки Шиотани (Осакагийн Их сургуулийн хүндэт профессор), Очирбатын Самбуудорж (Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, профессор), Ямаахүүгийн Бадамханд (Япон Улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэсний хүрээлэнгийн ажилтан, NICT) нар юм.
Энэ бүтээл нь Япон улсад монгол хэлний хэлц үг судлалын талаар анх удаа хэвлүүлж буй, судалгаа болон сургалтад зориулсан, бүрэн хэмжээний системчилсэн, цогц бүтээл гэдгээрээ өвөрмөц юм.
Тус толь бичиг монгол хэлний өвөрмөц хэлцийн 1562 толгой үгтэй (хувилбар хэлцүүдийг оруулбал нийт 2164 толгой үгтэй), утга дүйх япон хэлний хэлц үгийг оноож өгсөн, англи хэлний давхар орчуулгатай, үндсэн болон хөгжүүлсэн утгын холбоог нэмж тайлбарласан, A5 хэмжээтэй, 747 хуудастай, монгол хэлний өвөрмөц хэлц үгийн хэрэглээний давтамжийг “цагаан морь”, “хар морь” дүрсээр ялган үзүүлсэн онцлогтой юм.
Энэ толь бичгийн бас нэг ач холбогдол нь япон болон англи хэлээр ярьдаг монгол хэл сурч буй суралцагч, судлаачид, мөн япон хэл сурч буй монгол суралцагч, судлаачид давхар ашиглах зориулалттай хэл шинжлэл, соёл судлал, угсаатны судлалын ач холбогдолтой бүтээл юм. Иймд тус номыг унших явцад монгол хэлний хэлц үгсийн бодит болон хэрэглээний утгыг нэгэн зэрэг, хялбархан сурах боломжтой болжээ.
Одоо тус бүтээл хэвлэгдсэнээс хойш нэг сар өнгөрч буй хэдий ч мэргэжлийн судлаачид, уншигчдын санал, хүсэлтийг хүлээн авч Осакагийн Их Сургуулийн хэвлэлийн газраас дахин хэвлээд байна. Энэ толь бичгийг Япон улсын номын дэлгүүр болон онлайнаар худалдан авах боломжтой бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж мэдэхийг хүсэж байгаа бол дараах холбоосыг үзнэ үү.
http://shiotani95.blog.fc2.com/
https://amzn.asia/d/1T90cui https://books.rakuten.co.jp/rb/18491458/?msockid=19e9bf5586de6b6d1bc2a85d87106a03

Зохиогчид зүүн гар талаас: О.Самбуудорж, Я.Бадамханд, Ш.Шиотани