Олон улсын монгол судлалын холбооны “Шилдэг монгол судлаач” эрдэмтэн тодорлоо
Олон улсын монгол судлалын холбооны   “Шилдэг монгол судлаач” эрдэмтэн тодорлоо

Олон улсын монгол судлалын холбооны

 “Шилдэг монгол судлаач” эрдэмтэн тодорлоо.

2017 оны 12-р сарын 28-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлага болон Олон улcын Монгол судлалын холбооны санаачлагаар буй болгосон «Шилдэг монгол судлаач» гэдэг шагналын анхны эзнээр ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор, профессор, монгол судлаач эрдэмтэн А.Д.Цендина тодорлоо.]



А.Д.Цендина нь академич, ардын уран зохиолч, Монгол улсын төрийн гурван удаагийн шагналт Цэндийн Дамдинсүрэнгийн охин юм. Уг шагналыг Шинэ жилийн баярын өмнөхөн, Монгол улсын тусгаар тогтнолын 106 жилийн ойн өдрийг тохиолдуулан, түүний эцэг Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой болох 2018 оны зааг дээр гардуулж байгаа нь тэмдэглүүштэй сайхан явдал болж байна.

А.Д.Цендина сүүлийн жилүүдэд Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд Монголын төслийг хэрэгжүүлж, Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтнуудтай хамтарч гэр музейд байгаа судар номын дижитал хуулбар хийж, төвд болон монгол хуучин судрын гарчиг, номын цуглуулгын түүхэн тоймыг бичиж байна. 2013 онд Д.Цэдэв гуайтай хамт «Цэндийн Дамдинсүрэн. Гэсэр судлалын түүхээс» номыг Улаанбаатарт, 2014 онд Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн шавь Р.Отгонбаатартай хамтран «Монгол бичиг үсгийн дээж» гэдэг номыг орос, монгол хоёр хувилбараар Москвад гаргасан билээ. Мөн Олон улсын Монгол судлалын холбооны нарийн бичгийн дарга доктор С.Чулууны санаачлагаар Санкт-Петербургт буй «Шар тууж»-ийн эхийг 2017 онд Москвад хэвлэж, Монгол судлалыг дэмжих сангаас гаргасан санхүүгийн тусламжаар МУИС, Хэл зохиолын хүрээлэнгийн залуу олон эрдэмтэдтэй хамтарч Цэндийн Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний ажлын 9 боть тус тус гаргасан юм.

 


Бусад мэдээлэл