ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2021-2022 оны хичээлийн жилд Монголын хэл, утга зохиол, соёлын чиглэлээр магистрант, докторантын ахисан түвшний сургалтад хамрагдаж буй залуу судлаачдын дунд академич Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанванданы нэрэмжит “ЭРДМИЙН ХИШИГ” тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ.
Уг хөтөлбөрт МУИС, МУБИС, ШУТИС, УБИС болон ӨМИС-д суралцдаг 15 судлаач хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн хугацаанд суралцагчдад зориулан долоо хоног бүрийн лхагва гарагт “Эрдмийн хишиг–Эрдэмтний зөвлөгөө” лекц ярилцлагын 23 дугаарыг танхим, онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулж, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын туршлага, үр дүн, ололт, амжилт, сургамж, цаашдын зорилго, ажил үйлсийн талаар ярилцаж, хэл шинжлэл, соёл, утга зохиол сонирхогч хэн бүхэнд нээлттэй хүргэсэн билээ.
Энэ хөтөлбөрийн хугацаанд хийж гүйцэтгэх судалгааны ажлын төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж, тайлангаа хамгаалахын сацуу 2022 оны 6 дугаар сарын 6-ны даваа гарагт “Эрдмийн хишиг” эрдэм шинжилгээний хуралд М.Авирмэд “Монгол хэлтнүүдийн ярианд хэрэглэгддэг өвөрмөц шинжтэй үндсэн өнгөний нэрс”, Б.Базаргүр “Монгол, Англи хэлний хүний биеийн эрхтнээр нэрлэгдсэн зарим өвөрмөц хэлцийн адилтгал”, Г.Батмөнх “Газар усны домог дахь байгаль орчин, түүх, соёлын дурсгал хамгаалах уламжлал (Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл, Дундговь аймгийн Адаацаг сумдын нутгийн хээрийн шинжилгээний эх хэрэглэгдэхүүний жишээгээр), А.Ванчигмаа “Монгол хэлний “нас” хэмээх ухагдахууны танин мэдэхүйн шинж”, Х.Гэндэнпил “Монголчуудын хоногийн цаг баримжаалах аргын тухай”, Д.Мөнх-Отгон ““Цаасан шувуу” зохиолын хоёр төвөд орчуулгын онцлог”, Х.Урьхан “Гийгүүлэгч авианы сулралын нийтлэг шинж”, Г.Цэнд-Аюуш ““Эртний монголын хаадын үндэсний их шар тууж оршвой” сурвалжийн үгийн сангийн тоон шинжилгээ”, Чой Юүн Сё “Орчин цагийн монгол, солонгос хэлний угсарсан нийлмэл өгүүлбэрийг харьцуулсан судалгаа (Монгол хэлний цагийн байц гишүүн өгүүлбэрийн жишээгээр)” сэдэвт илтгэлийг тус тус амжилттай хэлэлцүүллээ.
Тус тэтгэлэгт хөтөлбөрийн гүйцэтгэлийн үр дүнг Хэл зохиолын хүрээлэнгээс томилогдсон доктор (Ph.D), дэд профессор С.Мөнхсайханаар ахлуулсан доктор (Sc.D), дэд профессор Г.Батзаяа, доктор (Ph.D), профессор Г.Билгүүдэй, доктор (Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа, доктор (Ph.D) Б.Дайриймаа нарын бүрэлдэхүүнтэй комисс залуу судлаачдын лекц ярилцлагад оролцсон ирц, судалгааны ажлын тайлан, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэлэлцүүлсэн байдлыг харгалзан дүгнэж, академичдын нэрэмжит тэтгэлгийн эздийг шалгарууллаа.
Академич Ц.Дамдинсүрэнгийн тэтгэлгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, УБИС-ийн докторант Ганболдын БАТМӨНХ, академич Ш.Лувсанванданы тэтгэлгийг ӨМИС-ийн докторант Мягмаржавын АВИРМЭД, академич Б.Ринчений тэтгэлгийг Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Хөөдөөгийн Гэндэнпил нар хүртэж, 1.000.000 (нэг сая) төгрөг, батламж, Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн дээжээр шагнууллаа.
“Эрдмийн хишиг” тэтгэлгийн шагналыг ивээн тэтгэсэн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ж.Бат-Ирээдүй, ЭНБД, доктор, дэд профессор О.Шинэбаяр болон комиссын дарга, гишүүд гардуулж, баяр хүргэв.
Тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдсан бусад судлаачдад “Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан гэрчилгээ, хүрээлэнгийн судлаачдын сор болсон бүтээлүүдээс өргөн барьж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.