Нэгэн жаранд туурвисан Дожоогийн Цэдэвийн хүүрнэл дор
Нэгэн жаранд туурвисан Дожоогийн Цэдэвийн хүүрнэл дор


Нэгдсэн Үндэсний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбараас /ЮНЕСКО/ жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон зарласан билээ. Тэгвэл өчигдөр энэхүү тэмдэглэлт өдрөөр нэрт эрдэмтэн, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийн “Дожоогийн Цэдэв туурвил зүйн жаран” олон улсын эрдэм шинжилгээний цахим бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Уг хуралдааныг Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, түүний шавь нар хамтран зохион байгуулсан юм. Д.Цэдэвийн уран бүтээлийг хэлэлцэх хуралдааныг доктор, профессор С.Байгалсайхан нээж, хөтлөн явуулсан бол хуралдаанд нэрт эрдэмтэн Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, эрдэмтэн Г.Билгүүдэй, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Дан.Нямаа, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд нарын зочид хүрэлцэн ирсэн юм. Нэрт эрдэмтний хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Б.Энхбайгаль хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчийн мэндчилгээг хүргэсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга С.Батбаатар түүчээлэн иржээ. Нэрт эрдэмтэн Д.Цэдэв төрийн өндөрлөгүүдэд хариу талархал илэрхийлж, өөрийн уран бүтээлийн дээжээс уламжилсан.

Дожоогийн Цэдэв нь 1940 онд төрсөн бөгөөд 1960-аад оноос уран бүтээл, судлалын ажлаа эхлүүлж өдгөө нэгэн жарантай золгоод буй манай нэртэй эрдэмтэн төдийгүй олон улсад ч Монгол судлалаар үнэтэй хувь нэмрээ оруулсан зүтгэлтэн билээ. Түүнд БНХАУ, ОХУ, Унгар, Япон зэрэг орноос Монголч эрдэмтэд мэндчилгээ дэвшүүлж дурсамж хуваалцсан сайхан үйл явдал болов. Энэ утгаараа Д.Цэдэвийн 60 жилийн турш бүтээсэн зохиол, туурвилыг олон улсын хэмжээнд авч үзэж байгаа хэрэг. Ийнхүү Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Б.Агнеш, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн Монгол судлалын салбар, БНХАУ-ын Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол хэлний салбар, Хөх хотын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, БНХАУ-ын Баруун хойтын үндэсний их сургуулийн Монгол хэлний салбар, ОХУ-ын Хүмүүнлэгийн их сургуулийн Дорно дахин, эртний судлалын хүрээлэнгийн профессор Анна Цендина, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Гар бичмэл судлалын хүрээлэнгийн профессор Ирина Кульганек нарын хүмүүс нэрт эрдэмтэнд мэндчилгээ дэвшүүлж дурсамж дэлгэв.

Тэдэн дундаас хамгийн ойр, дэлгэрэнгүй дурсамж дэлгэсэн нь нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн охин Анна Цедина байв. Тэрээр аавынхаа 1960, 70, 80 оны өдрийн тэмдэглэлээс Д.Цэдэв доктортой холбоотой дурсамжуудыг түүвэрлэн хүргэхийн зэрэгцээ хувийн архиваасаа дүрс бичлэг, зураг сонирхуулсан нь хуралд оролцогсодын анхаарлыг гойд татсан юм. Мөн тэрээр “Д.Цэдэв гуай бол ховорхон үнэнч хүн. Бага залуугаасаа хөөсөн судлалын мөрөөр өнөөдөр хүртэл явж ирсэн. Эрдмийнхээ ажил, мэргэжилдээ, нөхөддөө үнэнч хүн. Д.Цэдэв бол олон талын хүрээг хамарсан Монголын урлаг соёл, утга зохиолын гарамгай зүтгэлтэн. Тэр аливаа юмыг хайж олох авьяас чадвартай, олон нууцыг олсон хүн” хэмээсэн. Энэ үеэр түүний баримтат кино, номын нээлтийг зохион байгуулсан юм. Цахим хуралдааны нэг үндсэн ажил бол эрдэмтэн мэргэдийн илтгэл тавих байсан бол энэхүү салхийг хагалж, доктор профессор “Шинэ цагийн соёлын шинжээч, уран үгсийн дархан Дожоогийн Цэдэв” сэдвээр илтгэл тавьсан.

Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж “Д.Цэдэвийн яруу найргийн онцлог зарим асуудал”, Цеденаво.С.Н “Д.Цэдэвийн байгалийн уянга”, доктор А.Мөнх-Оргил “Урлан бүтээхүйн уламжлал шинэчлэл”, доктор Э.Батжавхлан “XX зууны Монголын орчуулгын уран зохиолын хөгжил-Д.Цэдэв”, С.Соронзонболд “Сэвтээ нь үгүй сэтгэлээс Талын харгуй хүртэл” зэрэг илтгэлийг түүний уран бүтээлийн зам үндсэн сэдвийн дор дурдсан.

Харин судлал шинжлэлийн чиглэлд Б.Агнеш “Д.Цэдэв бас Унгар улс”, Ч.Хишигтогтох “Архивын баялгийг сайтар уудлагч алдарт эрдэмтэн Д.Цэдэв профессор”, доктор, профессор Г.Билгүүдэй “Д.Цэдэвийн “Монголын нууц товчоо” судлалд холбогдох бүтээл”, доктор Ш.Баттөр “Утга соёлын уламжлал шинэчлэлийн залгамж холбоо”, доктор Д.Ганболд “Эрдэмтэн Д.Цэдэвийн уран бүтээлийн зарим асуудалд”, доктор Д.Галбаяр “Нийгмийн соёлын амьдрал бас Д.Цэдэв”, доктор Б.Энхээ “Хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Д.Цэдэвийн ЕБС-ийн уран зохиролын сурах бичигт орсон зохиолуудыг хам шинжийн үүднээс тайлбарлан хүргэх нь”, доктор Т.Мөнхцэцэг “XX зууны Монголын уран зохиолын эх бичиг судлалд Д.Цэдэвийн оруулсан хувь нэмэр” сэдвийн дор тус тус илтгэл тавьсан юм.

Д.Цэдэв нь Монголын уран зохиолд төрөл бүрээр бичиж өөрийн гэсэн орон зайг нэгэнт бүрдүүлсэн төдийгүй судал шүүмжлэлийн чиглэлд дорвитой бүтээл туурвисан нэрт эрдэмтэн юм. Тэр тусмаа орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Д.Нацагдоржийн зохиолын бүрэн эмхэтгэл, Ц.Дамдинсүрэнгийн зохиолын тухай судалгааны ботиуд, С.Буяннэмэхийн “Утга зохиолын үүд” нэртэй ботиуд гээд орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийг бүрэн хэмжээнд судалсан цор ганцхан судлаач гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө