“ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮЛХҮҮР НЭР ТОМЬЁОНЫ ЦАХИМ ТАЙЛБАР ТОЛЬ” –ИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2021 оны 12 сарын 6-ны өдөр “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь”-ийн нээлт боллоо. Уг толийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн судлаачид санаачлан хэрэгжүүлж, төслийн удирдагчаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар ажиллаж, Математик, тоон технологийн хүрээлэнгийн судлаачид өгөгдлийн сан байгуулан, цахим хэлбэрт оруулсан байна. Мөн уг толийг бүтээхэд ШУА-ийн харьяа бүх хүрээлэн, бүтцийн хоёр академи, салбар төвийн 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцжээ.
Эрдэмтэн судлаачид гурван жилийн хугацаанд шинжлэх ухааны салбар бүрийн үндсэн ойлголтуудыг багтаасан 12551 нэр томьёог нэг бүрчлэн судалж, англиар болон үндэсний бичгээр дагалдуулан, тодорхойлолтын хамт оруулсан байна.
“Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь”-ийн нээлтийн хуралд төслийн удирдагч, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Шинэбаяр, Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Ууганбаатар, Хими, химийн технологийн хүрээлэнгийн ЭШТА, академич Т.Ган-Эрдэнэ, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, доктор, профессор Ц.Өнөрбаян, Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрхлэгч доктор Н.Мөнхцэцэг нар үг хэлж, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Пүрэвсүрэн цахим толийг ашиглах зааврыг танилцуулав.
Мөн үдээс хойших эрдэм шинжилгээний семинарын хэсэгт
Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг
Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд
Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Н.Эрдэнэчимэг
Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) З.Бадамхатан
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын ангилал зүй, филогенетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Солонго нар илтгэл хэлэлцүүлэв.
1924 оноос Улсын нэр томьёоны комисс хэмээх байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 120 000 үгтэй толийг орос, монгол хэлээр гаргаж байсан түүхтэй. Энэ ажлын залгамж халаа болж, орчин цагийн шинжлэх ухааны салбар бүрийн үндсэн ухагдахуун, ойлголтыг багтаасан түлхүүр нэр томьёоны толийг цахим хэлбэрээр гаргасан нь цаашид нэмэн дэлгэрүүлэх, өргөжүүлэх, цэгцлэх бүрэн боломжтой юм.
Учир нь нэр томьёо хэмээх ойлголт цаг үеийн нөхцөл шаардлагаар өргөжин тэлж байдаг онцлогтой тул шинэ нэр томьёог цаг тухай бүрд нь нэмэн дэлгэрүүлж баяжуулах зүй ёсны шаардлагатай юм. Уг толь бичигт байгалийн ухааны 5620, анагаах ухааны 1807, эрүүл мэндийн 1817, хөдөө аж ахуйн салбарын 1612, нийгмийн ухааны 1287 нэр томьёог багтаасан ба хүмүүнлэгийн холбогдолтой 2081, инженерүүдийн голлон ашигладаг 154 үг оржээ.
“Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь” руу http://dict.ac.mn холбоосоор нэвтэрч зочлоорой.
Бусад мэдээлэл