“МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ - 2024” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЛОО
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс МУИХ, МУЗГ, БШУЯ, СЯ, ЦХХХЯ, ХБҮЗ-тэй хамтран “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл - 2024” үндэсний чуулганыг 2024 оны 1 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Чуулганд монгол хэл, бичгийн эрдэмтэн судлаачид, яам, тамгын газрын ажилтнууд, их, дээд болон ЕБС-ийн багш нар, радио, телевиз, хэвлэл мэдээллийнхэн, зохиолч, яруу найрагчид гээд 450 гаруй хүн оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв.
Үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар тавилаа.
Чуулганы үдээс өмнөх хэсгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй чиглүүлж, Ардын багш, ХБҮЗ-ийн гишүүн Ц.Өнөрбаян, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, ЦХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл нар илтгэл тавилаа. Хэлэлцүүлгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭНБД О.Шинэбаяр, МУИС-ийн багш Э.Мөнх-учрал нар хөтлөн саналыг нэгтгэлээ.
Үдээс хойших хэсгийн ерөнхий чиглүүлэгчээр Д.Заяабаатар ажиллаж, Ж.Бат-Ирээдүй, Боловсролын Ерөнхий Газрын дарга, Үндэсний бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ХБҮЗ-ийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар илтгэл тавилаа.
Үдээс өмнөх, хойших чуулганы дараа тус бүр 30 минутын хэлэлцүүлэг өрнүүлж, нийт 23 хүн чөлөөт микрофоноор саналаа хэллээ. Мөн чуулганы үеэр санал асуулгын хуудас тараасан бөгөөд нийт 126 багш, судлаач, ажилтны санал бичгээр ирэв.
Тэмдэглэл хөтлөх, саналуудыг нэгтгэх, зөвлөмж боловсруулах ажлын хэсэгт Хувийн сургуулиудын холбооны нарийн бичгийн дарга Ч.Номин, БШУЯ-ы шинжээч Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн ЕБС-ийн багш Д.Отгонсүрэн, Ч.Буянхишиг нар байж, нарийн бичгийн даргаар Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Батзаяа ажиллан, саналуудыг нэгтгэж, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэгт хүлээлгэн өглөө.
Чуулганаас гарсан зөвлөмжийг урьдчилсан байдлаар Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг уншиж танилцуулсан бөгөөд чуулганы дараа зөвлөмжийг улам боловсронгуй болгох, түүний хэрэгжилтэд анхаарч ажиллах үүрэг хүлээлээ.
Бусад мэдээлэл