Монгол толь бичгийн аппликейшний шинэчилсэн хувилбар гарлаа
“Үндэсний бичиг-Монгол соёлын үнэт өв” арга хэмжээний хүрээнд Монгол толь бичгийн аппликейшн (монголтоль.мн) болон монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхийг өгүүлсэн цуврал контентын танилцуулга, Үндэсний номын сан хөмрөгт хадгалж буй үнэт ховор бичиг үсгийн дурсгалуудаас бүрдсэн “Оюуны охь” цахим үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд мөн энэ үеэр “Номын санч” сэтгүүлийн тусгай дугаарыг Word plus-т байршуулан олон нийтэд түгээлээ.
Энэхүү арга хэмжээг нээж Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг хэлсэн үгэндээ, “Соёлын яамнаас 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон тэмдэглэж буйтай холбогдуулан энэ өдөр иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлж, үндэсний бичгээ сурч судлах хэрэглээний орчныг бүрдүүлж, иргэн бүрд сурах нөхцөл бололцоог тэгш хүртээмжтэй олгох бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлсэн монгол хэл бичгийн чиглэлийн олон ажлуудаасаа онцлон танилцуулж буй нэг ажил бол “Монгол толь” бичгийн аппликейшн буюу монгол хэлний толь бичгийн гар утсанд зориулсан хувилбар болно.
Бүх нийтийн эх хэлний мэдлэгийн түвшнийг ахиулахад нэн тэргүүнд хэрэг болдог, гарын авлага нь аливаа хэлний толь бичиг байдаг. Төрөлх хэлээ сурч буй хүүхэд, хоёр дахь хэл (гадаад хэл болон бусад бичиг үсэг) эзэмшихээр шамдан буй хүн бүхний хамгийн түрүүнд авч үздэг, сургалтын үндсэн хэрэглэгдэхүүн нь сурахыг хүссэн тухайн хэлнийх нь толь бичиг байдаг гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Ийм ч учраас манай яам үндэсний бичгийн хэрэглээний орчныг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэхийн тулд орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан шинэчлэн сайжруулсан толь бичгийн аппликейшнээ Та бүхэндээ өргөн барьж, нийтийн хүртээл болгож буйдаа баяртай байна.
Толь бичгийн энэ удаагийн шинэчилсэн хувилбараас та бүхэн маань толгой үгийн утгын тайлбарыг үзэж, үндэсний бичгээрээ холбоо, хоршоо үгийг хэрхэн бичихтэй танилцаж, үндэсний бичгээ мэдэхгүй нэгэн нь үсэгчилсэн галиг харан унших чадвараа нэмэгдүүлэх зэрэг олон олон шинэ боломж, сонголтыг бий болгосны зэрэгцээ “Үгийн сүлжээ” тоглон үгийн сангийн баялгаа нэмэгдүүлэх боломжтой болсныг дуулгаж байгаадаа баяртай байна.
Мөн тус толь бичиг маань иргэд та бүхний оролцоотойгоор цаашид улам хөгжин боловсронгуй болох боломжтой бөгөөд толь бичгийн талаарх санал сэтгэгдлээ толь бичгийн цахим хуудсаар (mongoltoli.mn) дамжуулан илгээж байгаарай. Та бүхний санал бүхэн бидний цаашдын ажилд үнэтэй байх болно. Толь бичгийн хөгжүүлэлт нь тасралтгүй үргэлжлэх ажил учраас дараа дараагийн хөгжүүлэлтийн ажилдаа тусгах болно.
“Эх орноо хэмээх сэтгэл нь эх хэлээ үнэлэх үнэлэмжтэй уялдаатай. Эх хэлээ үнэлэх иргэний үнэлэмж нь төрөлх хэлээ хэр сурснаар илэрхийлэгдэх” учраас хүүхэд залуус, иргэдийнхээ эх хэлний боловсролд зориулан бүтээсэн аппликейшнийг татаж аваарай” хэмээн онцоллоо.
Дээр дурдсан монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхийг өгүүлсэн цуврал контентыг Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Соёлын яамны захиалгаар бүтээн бий болгосон юм. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд “Монголчуудын хэрэглэж ирсэн бүх бичиг үсгийн тухай”, Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад ажилтан Р.Отгонбаатар “Дөрвөлжин бичиг”, “Соёмбо бичиг үсэг”, Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор О.Самбуудорж “Али Гали (галиг) үсэг”, Хэрэглээний хэл шинжлэлийн ЭША, доктор (Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа “Монгол тод бичиг үсэг”, Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын ЭША, доктор (Ph.D), дэд профессор Э.Мөнхцэцэг “Манж үсэг бичиг”, Хэл шинжлэлийн салбарын ЭША, доктор (Ph.D) Д.Боролзой “Латин бичиг үсэг”, “Кирилл бичиг”, Хэл шинжлэлийн салбарын ЭША, доктор (Ph.D) Э.Баярчимэг “Вагиндра бичиг үсэг” талаар тус тус ярьсан. Эдгээр контентыг удахгүй цахимд байршуулж олон нийтэд хүргэх болно.
Бусад мэдээлэл