“НОМЫН ХИШИГ-100” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
“НОМЫН ХИШИГ-100” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

  Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Хэл зохиолын хүрээлэн “Номын хишиг-100” ном бүтээл хандивлах өдөрлөгийг зохион байгууллаа. Манай Хэл зохиолын хүрээлэн бол 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн ДУУН УХААНЫ ТАСАГ хэмээн байгуулагдсан шинжлэх ухааны ууган байгууллагын гал голомтыг түшиж байгаа газрын нэг юм. Энэхүү түүхэн ойн хүрээнд манай хамт олон, олон ажил төлөвлөн ажиллаж байна.



    Үүний нэг нь бидэнтэй хамтран ажиллаж манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын ном бүтээлийг олон нийтэд түгээн хүртээж байдаг улсын болон хотын номын сангууд, их, дээд сургуулийн номын сан, монгол судлалын төвүүдийн номын сан, манай нэрт эрдэмтдийн нэрэмжит зарим дунд сургуулийн номын санд өөрсдийн эрдэм судлалын бүтээлийн дээжийг хандивлах үйл ажиллагаа юм.

    Өнөөдрийг хүртэл монголын хэл бичиг судлалын голомтыг сахиж ирсэн 100 жилийн түүхт ууган хүрээлэнгийнхээ үйл ажиллагаа, монгол хэл бичиг, утга зохиолын судалгааны өнөөгийн байдлыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, эрдэм судлалын ажлуудыг нь эрдэмтэн судлаач, оюутан сурагчид, уншигч түмэндээ хүргэх зорилготой буянтай сайхан ажил болох юм. Бид 100 жилийн түүхэнд 2000 шахам ном бүтээл туурвижээ. Энэ удаагийн бидний өгөх ном бүтээлийн хандив нь сүүлийн 10 жилийн хугацаанд манай эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээн туурвисан ном бүтээл болно.


    
    “Номын хишиг-100” өдөрлөгийг Хэл зохиолын хүрээлэн захирал доктор (Sc.D), дэд профессор Ж.Бат-Ирээдүй нээж үг хэлсэн бол эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр Хэл зохиолын хүрээлэнгийн түүх, бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааг товч танилцууллаа.


Тус өдөрлөгт Үндэсний номын сан, Хотын төв номын сан, МУИС-ийн номын сан, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн номын сан, МУБИС-ийн номын сан, ШУТИС-ийн номын сан, СУИС-ийн номын сан, Олон улсын монгол судлалын холбоо, Нүүдлийн соёл иргэншлийг судлах хүрээлэн, Антоон Мостаэрт төвийн номын сан, Ховд их сургуулийн номын сан, Дорнод их сургууль, Их засаг их сургууль, Архангайн багшийн сургуулийн номын сан, Гурван-Эрдэнэ багшийн сургуулийн номын сан, Олон улсын Улаанбаатар их сургууль, Төрийн өмчит Улаанбаатарын их сурууль, Төв Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, Америкийн монгол судлалын төв, Б.Ринчений нэрэмжит Алтанбулаг сумын дунд сургууль, П.Хорлоогийн нэрэмжит Арвайхээр сумын 2-р дунд сургууль, Ш.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЕБС, Ш.Гаадамбын нэрэмжит Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ЕБС, Монгол хэл бичгийн багш судлаачдын үндэсний холбоо зэрэг байгууллагуудын номын санч болон бие төлөөлөгчид хүрэлцэн ирж ном бүтээлийн дээжийг гардан авлаа.



Өдөрлөгийн төгсгөлд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Лхагвадэмчиг, Хотын төв номын сангийн захирал Д.Индра, Төв Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан, Дорнод Их сургуулийн дэд захирал Т.Гантулга нар 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн хамт олонд ойн баярын мэнд хүргэж, ном бүтээлийн дээжийг ийнхүү хүртээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлэхээс гадна цаашдын үйл ажиллагаанд хамтран ажиллахаа мэдэгдлээ.



Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 жилийн өмнө