2022 оны 11-р сарын 9-нд Улаанбаатар хотноо Шинжааны Их сургуулийн профессор, Жангар судлаач, Тод үсэг судлаач, нэрт эрдэмтэн Түдэвийн Жамцын 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Тод номын гэрэл төв хамтран зохион байгуулав.
Хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хурлаар профессор Т.Жамцын бүтээл туурвилын тухай, Жангар судлал, тууль судлал, тод үсэг судлалаар нийт 24 илтгэгчийн 22 илтгэлийг хэлэлцэв. Үүний 9 нь гадаадын илтгэгч байсан бөгөөд Халимагийн Их сургуулийн профессор М.А.Лиджеев, Л.А.Лиджиева, Д.Мингияновна нар өөрсдөө хүрэлцэн ирж оролцсон бол В.А.Бичеев, М.В.Босхомджиев (Халимагийн Их сургууль), Д.Таяа (Өвөр Монголын Их сургууль), Б.Мөнхөө (Баруун хойдын Үндэстний Их сургууль), О.Тайван (Шинжааны Их сургууль), Н.Надмидцэрэн (Варшавын Их сургууль) нар цахимаар оролцов.
Монгол улсаас академич Д.Төмөртогоо тэргүүтэй О.Самбуудорж, А.Алимаа, Т.Баясгалан, Г.Батзаяа (Хэл зохиолын хүрээлэн), А.Очир (Түүх, угсаатны зүйн хүрээлэн), Ц.Өнөрбаян, На.Сүхбаатар, Б.Нанжид (МУБИС), Х.Бямбажав (Тод номын гэрэл төв), В.Янжиндулам (МУИС-ийн Ховд дахь салбар), М.Ганболд (Соёлын өвийн Үндэсний төв), А.Мөнхцэцэг (Хэлний бодлогын Үндэсний зөвлөл), Г.Эрхэмбаяр (Глобал Удирдагч Их сургууль), С.Мижид (Нүүдлийн соёл иргэншил судлах олон улсын хүрээлэн) нарын 15 илтгэгч илтгэлээ тавьж хэлэлцүүллээ.
Хурлын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр эрдэмтэн Т.Жамц гуайд “Хэл зохиолын хүрээлэнгийн Хүндэт доктор” цол олгосныг тус хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй танилцуулав. Хуралд цахимаар оролцсон профессор Т.Жамц гуай талархлаа дэвшүүлж жангар судлалаа улам хөгжүүлэхийг, тод үсэг бол монголчуудын үнэт өв юм шүү гэдгийг сануулж үг хэлэв.
Хурлыг хааж тус хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Э.Пүрэвжав хэлсэн үгэндээ “Зорилгоо хангасан сайхан хурал боллоо, илтгэлийн эмхэтгэлийг энэ онд багтаан хэвлүүлж нийтийн хүртээл болгоно” гэв.